ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүх банкуудын даргыг оруулаад ирээсэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-30

Биднийг багад аав ээж маань “Уйлах юм бол хадны мангаад хэлнэ шүү. Хадны мангаа ирээд аваад явчихна шүү” хэмээн айлгадаг байсансан. Хадны мангаа гэж юу болохыг хараагүй ч бяцхан ой ухаандаа түүнийг дүрсэлж, ихэд айдаг байснаа санадаг юм. Тэгвэл монголчуудын хувьд тэр “хадны мангаа” нь арилжааны банкууд. Өртэй, өргүйгээс үл хамаараад Монгол Улсын иргэн бүхэн ямар нэг байдлаар банкны үйлчилгээ авдаг.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, цаашлаад цалингийн, байрны, машины зээл гэх мэтээр хөвөрнө. Тэр ч байтугай албан байгууллагаас олгосон цалингаа банкны карт ашиглаж авахдаа ч карт ашигласны төлбөр, гүйлгээ хийсний төлбөрөө банкинд төлдөг. Төдийгөөс өдийг хүртэл банк биднээс авсан уу гэхээс банкнаас бидэнд нэг ч удаа ашигтай нөхцөл санал болгоогүйг нуух юун. Тэр ч байтугай олсон хэдэн төгрөгөө хадгалуулсныхаа төлөө хүртэл хадгаламжийн хүүгээсээ татвар төлдөг гэхээс банк ашиг авах ёстой, бид харин өгөх ёстой гэдэг л дүрэм үйлчилж иржээ.

Гай зовлон, гамшиг тохиолдсон ч банкинд хамаагүй. Гэр бүл салж сарниж, гэнэтийн зовлонгоор ханиа алдсан ч өрөө төлөх л ёстой бол төлнө. Тийм ч учраас банкны эзэд “бид бол бүх юмны дарга” гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй болцгоосон юм. Дэлхий дахинд айдас дагуулсан цар тахал гарчихаад байхад ч “зээлээ төлцгөө, сороо муутнууд аа” хэмээн дарамталж чадаж байна шүү дээ.

Төр засаг нь шийдвэр гаргачихаад байхад “Чадахгүй. Хүсээд байгаа бол бидэнд мөнгө өг. Та нар бол хэн ч биш” гэж хэлэх эр зориг зөвхөн банкны эздээс л гарлаа. Ингэж л даам амьдарч чадах юм уу, сороо муутнуудаа Төрийн өмнөөс даам хариулт өгөх хүн энэ улсад банкны захирлуудаас өөр хаана ч байхгүй. Тэгвэл эдгээр “хадны мангаа”-нуудыг айлгадаг бүүр том дарга, бүр илүү чадалтай “хадны мангаа” байдаг юм байна. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхлээд үндсэн зээл болон зээлийн хүүгээ хойшлуулж өгөөч хэмээн тэднээс гуйж, бүр Засгийн газрын шийдвэр болон албажуулсан албан тоотоо хүргүүлэхэд нь банкууд “Чадахгүй.

Хийлгэхийг хүсч байгаа бол мөнгө өг” хэмээн бичгийг нь бараг урж тасдаад хогийн саванд хийчихсэн гэсэн. Харин дараагийн удаа Ерөнхий сайд “Хэрвээ ингэж байгаа бол өөрөөр ярина шүү. Нөгөө арга хэмжээг чинь авна шүү” гэхэд нь бүгд л нэгэн дуугаар далан таваар бууж өгцгөөж, нэгэн зэрэг соошл орчинд “хайр зарлаж” эхэлсэн юм. “Бид таны зээлийг хойшлуулахад бэлэн байна. Алив миний энхрий хайрт үйлчлүүлэгч нар минь энэ товчлуурыг дараад л хүсэлтээ илгээ” хэмээн бөхөлзөж эхлэх нь тэр.

“Бүх юмны дарга нь арилжааны банкууд” хэмээн бодож байтал тэднээс ч том дарга байдаг гэдгийг Ерөнхий сайд сануулчихжээ, тэдэнд. “Сороо муутнууд аа, үндсэн төлөлт, хүүгээ буулга. Чадахгүй бол бүр том даргыг чинь дуудлаа шүү” хэмээн айлгачихсан хэрэг.

Тэгэхээр одоо банкны эздийн хандыг нь нэг мөр хага дарж, бөгсөнд нь бүлээн жин тавихын тулд Ерөнхий сайдаас ч том дуугаар загнаж чадах, эсвэл айлгадаг том даргыг нь дуудацгаая. Тэр том даргыг нь ил гаргацгаая. Тэр цагт “хадны мангаа” нар өөрсдөө ч айдаг мангаатай болж, зээлийн хүүгээ бууруулж, ЖДҮ эрхлэгчдэд зээл олгож, элдэв янзын татаас, картны шимтгэлээ бууруулж, зээл авахын тулд бараг л харилцагчийнхаа өмнө сөгдөх байх даа гэсэн игзаар бодол төрөх болов. Тэр том даргыг нь олоод, оруулаад ирэхгүй юм байх даа. Тэгвэл ч мөн гоё юм болно доо...