Японы Кобе хотын баруун өмнөд хэсэгт байрлах орон сууц, нийтийн аж ахуйн конторт ажилладаг 64 настай хөгшин үдийн цайны цаг эхлэхээс гурван минутын өмнө ширээгээ орхисон хэмээн хагас өдрийн цалингаа хасуулах шийтгэл амсчээ. Эрүү өвдөг нь нийлсэн хөгшинд шийтгэл оноох гэж ядсан өөдгүй муу удирдлагууд нь сүүлийн есөн сарын камерын бичлэгийг шүүж 28 удаагийн үйлдлээр 78 минутын ажил шамшигдуулсан болохыг нь олж тогтоосон байх юм.
Сүржин даргын тэнэглэл тэгээд зогссонгүй. Иргэдээсээ уучлалт хүсч дөрвөн секундын турш бөхийсөн байгаа юм даа. Үгүй мөн сүртэй байгаа юм шүү, япончууд. Тэгэхэд манайд яаж байна. Цайны цагаас цагийн өмнө гараад, цайны цаг дууссанаас хойш цагийн дараа ирэхэд хэн ч асуудал ярьдаггүй. Тэртээ тэргүй үдийн хоол идэхээр жигтэйхэн их нойр хүрч, бие сулраад ажлын бүтээмж уначихдаг шүү дээ. Тиймээс л манай төрийн албан хаагчид маань нэгнийхээ өрөөнд орж хаалгаа дотроос нь түгжиж байгаад хол ойрын хов жив, сүүлд болсон үдэшлэг цэнгүүн нэн сонирхолтой сэдвээр ярилцаж, сайхан сэргэлт аваад эрч хүчтэйгээр ажилдаа орж байгаа юм.
Энэ бол ерөөсөө муу зүйл биш. Тэгээд ч нойрмог хүмүүс ажлаа хийхээр бусдыг загнаж дарамтлах, хялан цэхэн хийх, шаардлагагүй бичиг баримт нэхэж буцаах зэрэг иргэдэд илүү хор уршигтай зүйл хийх магадлалтай учраас төрийн албан хаагчдад цайны цагийн дараа хов базаж сэргээд ажилд нь оруулахыг хуульчилж өгөх хэрэгтэй гэж боддог. Ямартай ч сүүлийн 20-оод жил манай төрийн албан хаагчид цайны цагаа хоёр дахин хэтрүүлэн ашиглаад буруудсан зүйл лав алга. Улс орон маань нүдэн дээр л хөгжиж цэцэглэж байна даа. Аз жаргалтай л байгаа биз дээ, тэд.