Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 11-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв”-ийн байранд байрлах “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд есөн настай хүү осолдсон хэрэг өнгөрсөн даваа гарагт гарсан билээ.
Уг харамсалтай хэрэг юуны улмаас, хэний буруугаас болсон асуудлыг манай сонин сурвалжиллаа. Биднийг хэрэг гарсан арваннэгдүгээр хорооллын аравдугаар байрны урд байрлах “Эко шинэс” хэмээх эмийн сангийн үүдэнд очиход тус эмийн сангийн төмөр хаалгыг том цагаан цоожоор цоожилсон байлаа.
Харин цахилгаан утасны шалбархайд санамсаргүй холбогдож хүүхдийн амь насыг хохироосон төмөр хашлагыг хамгаалалтад аваагүй байв. Эмийн сангийн хаяг дээр бичээстэй 8808.... дугаар руу залгаж, ослын талаар тодруулахыг хүссэн боловч “Ямар ч мэдээлэл өгөхгүй” гэж хэлээд утсаа тасалсан юм. Бид эмийн сангаас зүүн тийш 130 алхмын зайд байрлах төмөр хашааны үүдээр ороход нэг давхар намхан шар байшингийн үүдэнд нэгэн гэр бүл гашуудан уйлцгааж байлаа. Талийгаач хүүгийн ээж болох 50 гаруй насны эмэгтэй орилох, уйлах зэрэгцэн хүүгийн ослын талаар ярилаа.
Тэрбээр “Би хүүгийнхээ осолдсон эмийн сангийн төмөр хаалганаас барихад тогонд цохиулж хашхирсан. Тэгмэгц тэнд байсан эмч нь “Хүүе энэ чинь тогноос болсон байна шүү дээ” гэж хэлсэн. Тэнд таван хүүхэд тоглож байхад нэг нь энэ хаалга тогтой байна гэж хэлсэн гэсэн. Тэрний дараа хүү минь шууд саваад уначихсан гэсэн. Газар дээрээ шууд зүрх нь зогссон байгаа юм. Тэнд урьд нь компьютер тоглоомын газар байхад зүгээр л байдаг байсан. Гэтэл эмийн сан орсноос хойш ийм зүйл боллоо. Өчигдөр цагдаагийн газар, эмнэлэг, цахилгаан эрчим хүчний газраас шинжээчид ирсэн. Бүх зүйлийг нь шинжлээд аваад явсан. Үүднийх нь тогтой гэрлийг нотлох баримт болгож авч явсан.
Намайг хүүгээ эмийн сан руу гүйлгэсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл цацлаа. Би хүүгээ эмэнд гүйлгээгүй. Хүү минь зүгээр л тоглож явсан” гэж хэлээд уйлсан юм.
Хүүгийн ах н.Мандалсайхан “Би тэр аймшигт мэдээнд итгэж чадаагүй. Дүү минь хөгжилтэй, сэргэлэн цовоо, олон найзуудтай байсан. Дүүдээ нэг дугуй авч өгье гэж бодож байсан юм. Даанч амжсангүй” хэмээн хэлээд уртаар шүүрс алдлаа. Түүний хажууд нь зогсож байсан талийгаач хүүгийн эгч н.Мандухай “Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дотор гарна гэсэн. Энэ долоо хоногтоо багтааж хэргийг шийдүүлмээр байна. Эмийн сангаас манайд ирж уулзсан хүн ердөө алга. Шүүх эмнэлэгт нүд нь нээлттэй, унаад хажуу тал нь тэр чигтээ шалбарчихсан, хөл нь цуурчихсан байдалтай цогцсыг нь л харлаа. Дүү минь нисгэгч болохыг мөрөөддөг. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зайрмаг авч идэхгүй мөнгөө цуглуулдаг байлаа. Дүү минь мөрөөдөлтэйгээ хамт үгүй болчихлоо” хэмээн ярихыг сонсоод эрхгүй зүрх шимширч байлаа.
Бид ар гэрийнхэнтэй нь уулзаад буцаж явахад осол гарсан эмийн сангийн үүдэнд олон хүмүүс цугларч, тэдний дундаас “Наад Норов чинь мөн” гэх эмэгтэй хүний чанга хашгирах дууг сонссон юм. Цугларсан хүмүүс дээр очиход тус хорооны оршин суугч Т.Тунгалаг гэх эмэгтэй “Энэ төвийн эзэн н.Норов гэдэг хүн сая нэг сэтгүүлчид би манаач нь гэж худал ярилцлага өгчихөөд алга болчихлоо. н.Норов л “Дэлгэр” төвийг бариулсан. Өөрөө түрээслүүлдэг гэдгийг сайн мэдэж байна. Энэ осолд “Эмийн сан” буруугүй. Харин байшингийн эзэн н.Норовын буруу. Энэ хавьд тог цахилгааны аюул ихтэй. Орон сууцнуудын ариун цэврийн өрөөний шийднүүдийг бүгдийг нь СӨХ-ны дарга нар зарчихсан. Одоо тогны шийд нь хонгилд байгаа. Бороо ороход энэ доогуур явж байгаа хүн 6000 вольт тогонд цохиулах бодит эрсдэл байгаа. Бүх орцны үүд эрсдэлтэй байгаа” гэсэн юм.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Арсланхуягаас тодруулахад “Мэргэжлийн хяналтаас тогны дүгнэлт гаргахыг хүлээж байна. Шинжээч томилсон учраас 14 хоногийн хугацаанд дүгнэлт нь гарах байх. Зургадугаар сарын 25-ны өдөр 20:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 11-р хороолол “Дэлгэр төв”-д үйл ажиллагаа явуулдаг “Эко шинэс” эмийн сангийн гадаа тоглож байсан есөн настай А тогонд цохиулсан байдалтай нас барсан байсан. Шалгалтаар хохирогчийн үхлийн шалтгаан, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын журам зөрчсөн эсэх талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллага шинжээч томилон шалгалт хийсэн байгаа. Урьдчилсан байдлаар гэмт хэрэг гарахад аж ахуй нэгж байгууллагуудын дотоод, гадаад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй асуудлууд яригдсан.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.11, 1.1-т аж ахуй нэгж байгууллага дотооддоо болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, тодорхой арга хэмжээ авах үүрэг хүлээсэн байдаг” гэв.
Үүний дараа бид МХЕГ-аас хэргийн талаар тодруулахаар очиход “Цагдаагийн газраас хяналт шалгалт хийж байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Уг хэрэгт хэн буруутай гэдгийг хууль хяналтын байгууллагууд нь тогтоож хариуцлага тооцох нь мэдээж. Харин хэн нэгний хайхрамж, болгоомжгүй үйлдлийн улмаас өдөр өнжихгүй шахам бяцхан хүүхдүүд нас барж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй юм. Анхаарал сэрэмж хаа хаанаа хэрэгтэйг сануулж, басхүү зөв буруу мэдээллийг залруулах үүднээс энэхүү сурвалжлагыг бэлтгэв.
Б.Саран-Учрал
О.Цэцэгсүрэн