“Сүх далайтал үхэр амгалан” гэгчээр аюулт өвчин гарсан ч цалгар назгай байдлаасаа салдаггүй хүмүүс ганцхан Монголд байдаг гэж уншигч та эндүүрч бодуузай. Дэлхийн хаа сайгүй л өвдсөн ч түүнийгээ тоодоггүй, эсвэл урьдчилан сэргийлэх талаар наад захын мэдлэггүй хүмүүс хэдэн мянгаараа байдаг гэдгийг өдөр бүхэн соошл орчноор дамжуулан харж, сонсож, үзэж байна шүү дээ. Тэр ч байтугай үхрийн шээс уучихвал эдгэнэ гэсэн тэнгэр үзэлтнүүд ч тэр дундаас “төрөн” гарчээ. Улс орон бүхэн иргэнээ корононагаас салахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ бясалгаж, бодож, олон янзын л арга хэрэглэж байгаа энэ цаг үед Энэтхэг улсын сайн жишээг энд онцлохыг хүслээ. Тус улс хариуцлагагүй, хайнга иргэдтэйгээ тун өвөрмөц аргаар тэмцэж эхэлжээ. Тодруулбал, гудамжинд маск зүүхгүй явсан, эсвэл олуулаа бөөгнөрсөн хүмүүсийг цагдаагийн албан хаагчид нь шилбүүрээр ороолгож эхэлсэн гэнэ. Энэ нь ч үр дүнгээ өгсөн бөгөөд хэлээд ойлгохгүй учраас арьс маханд нь ойлгуулаад эхлэхээр максаа зүүж, гадуур тэнэхээ зогсоож эхэлжээ. Тэгвэл манайх ч гэсэн энэ туршлагыг эх орондоо нутагшуулахад болохгүй зүйл алга.
Монголчууд эрт цагаас л аавын суран бүс, ээжийн нарийн шилбүүрийг “амталж” өсөцгөөсөн хүмүүс шүү дээ. Дуундаа хүртэл “чөмөг дундартал ороолгуулж өгөөч” хэмээн санагалзаж суудаг билээ. Тиймээс амны хаалтаа авчихаад гадуур тэнэж, үр хүүхдээ дагуулан тэнэж байгаа аав ээжүүдийг цагдаагийн албан хаагчид суран бүсээ тайлаад ороолговол яадаг юм бэ. Хэл амаараа хэлж үзлээ, учирлаж аргадаж гуйж үзлээ. Үгэнд орохгүй хөл хориог зөрчиж, зарим нь зугтаж нуугдаж байгаа учраас Энэтхэгийн жишээгээр тэмцээд үзвэл болчих юм шиг санагдах юм. Хөрөнгө мөнгө ч хэмнэнэ. Хэвлэлийн хурал хийж аргадаж гуйхгүй амар. Цагдаагийн албан хаагчдаа нэг нэг суран тэлээ, эсвэл нарийн шилбүүрээр хангачихсанэ байхад л болоод явчихна. Аавын суран бүсний амт үзсэн хүмүүс ч сараа даачихна. Ээжийн нарийн шилбүүр ч ээ дээ мөн л амьдрал ойлгуулна шүү дээ. Бага наснаас “амталсан” суран бүсний амтаа мэдэрсэн монголчууд ч хэсэгтээ л амны хаалтаа зүүж, албан хаагчдын үгэнд орох ч юм билүү. Ер нь ч тэгээд багшдаа хүртэл “указка”-дуулж явсан манай үеийнхэн ч шилбүүр хараад л эмхэндээ орно доо.
Б.Эрхэс