Шведэд хоёр жилийн өмнөөс эхнэр нь амаржсан эрчүүдэд жил гаруй хугацааны амралт, цалинтай чөлөө олгох хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Энэ хугацаанд эрчүүд амаржсан эхнэрээ халамжилж, хүүхдийнхээ даавууг угаахаас гадна цалингаа ч авчихдаг юм байх. Хэрэв энэ амралтаа аваагүй бол хүүхдээ найман нас хүртэл нь ажлынхаа цагийг 25 хувиар бууруулж, бүтэн цалингаа авах эрхтэй гэж байгаа.
Харамсмаар бас, халагламаар. Тэд эрчүүдийг тэжээвэр мал мэт үзэн, доромжилж байх юм.
Ерөөс эр хүн гэдэг ар гэр, амьдралаа авч явах том ачааг нуруундаа үүрч явдаг. Гэтэл тэднээр юу ч хийлгэхгүй, нийгэмд ямар нэг үүрэггүй гэрийн эр болгож, тогоо шанагатай ийм олон жил зууралдуулах хэрэг юун. Манайхан бол хэзээ ч ингэхгүй. Ажлын 10 хоногийн цалинтай чөлөө өгнө. Зарим байгууллагууд бүр өгөхгүй. Энэ нь тухайн гэрийн эзний нийгэмд эзлэх байр суурийг өгсөх сайн талтай юм. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгддэг гэдгийг манай дээдсүүд мэддэг болохоор гурван жил гэртээ сууж ямар ч карьергүй болохоос нь эрчүүдээ хамгаалах нийгмийн халамжийн бодлого баримталдаг юм. Мөнгө нь сагасан, хийх ажилгүй тэнэг шведүүд, тэнгэрлэг монголчуудын ухааныг яахан гүйцэх билээ. “Эхнэр амаржсан чөлөө авъя” гэж шалчигнасан эрчүүдийг ажлаас нь чөлөөлсөн ч болно. Хэзээнээс манайд эрчүүд л нийгэмд илүү үүрэгтэй оролцдог байсан. Тиймээс 10 хоногийн ч амралт хэрэггүй.