ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Шатахууны үнийг 400 төгрөгөөр бууруулж, бүтэн жил тогтвортой барих чиглэл өгсөн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-10

-Ипотекийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нэрлэсэн хүүний хоёр нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг гурван сарын хугацаанд төрөөс хариуцна-

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр нэр бүхий гишүүдийн хамт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан УИХ-аас баталсан эдийн засгийн шинжтэй бодлого шийдвэр болон ҮАБЗ-ийн түвшинд яригдсан асуудлаар мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах, эрсдлээс хамгаалах, банк санхүүгийн реформ хийх чиглэлээр Их хурлаас гарч буй шийдвэрүүдийг танилцуулъя. Энэ долоо хоногт УИХ хаврын чуулганы нээлтээ хийж, хамгийн эхэнд цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр багц арга хэмжээг гурав хоногийн хугацаанд тусгай дэгээр хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас өргөн барьсан долоон багц арга хэмжээгээр зарим өөрчлөлтүүдийг хийлээ.

Тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг байнга ажиллаж байсан. Мөн О.Баттөмөр гишүүнээр ахлуулсан банкны салбарын реформ, цахим шилжилт, зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг ч ажиллаж байна. Цар тахлын үед Их хурал онцгой горимоор ажиллаж байна. Мөн тэр орчныг бүрдүүлэхээр Дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орууллаа. Дэлхий нийтээрээ энэ өвчний өмнө сөхөрч, эдийн засаг нь ч хямарч байна. Энэхүү бодит үнэнийг ард түмэнд хэлэх ёстой. Ийм үед ноолуурын үнийг барих тогтоох ажил урьдчилан хэлэх аргагүйгээр өдөр өдрөөр өөрчлөгдөж байна” гэлээ. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг цар тахлаас сэргийлэх эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж, төлөвлөгөө боловсруулж ажиллажээ. Монголбанк, СЗХороо сүүлийн гурван сар идэвхтэй ажилласны үр дүнд 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрт хүрчээ. Тухайлбал,

-Түлш шатахууны үнэ хямд байгаа энэ үед үнэ тогтворжуулах урьдчилсан санхүүжилт хийж, ОХУ-ын нефть импортлогч нартай яриа хэлцэл хийсний үр дүнд хямд нефть импортлох гэрээг хэлэлцээд явж байна. Мөн “Алт” хөтөлбөрийг ОХУ-ын компанитай хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа.

-Монголбанк банкны системтэй хамтран шатахууны үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, дөрөвдүгээр сарын 15-наас хойш 300, цаашлаад 400 төгрөгөөр хямдруулах. Бүтэн жилдээ тогтвортой байдлыг барих.

-Банкны өөрийн эх үүсвэрээр олгосон 500 хүртэл сая төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүнд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх. Мөн харилцах дансанд хүү тооцохгүй байх чиглэл өгсөн.

-Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ. Монголбанк, ажлын хэсэг хамтран боловсруулж эхэлсэн. Банкны зохистой удирдлагын системийг бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлнэ. Нэг хүн 20 хувиас илүү хувьцаа эзэмшихгүй.

-Эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагчид, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг тусгай нөхцлөөр ипотекийн зээлээр дэмжих, санхүүжилтийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг Монголбанкинд даалгасан. Энэ нь барилгын салбарын 100 мянган ажлын байрыг ч мөн давхар хамгаална.

-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ. Ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлөлтийн хугацааг гурав хүртэл сараар хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар шийдсэн хугацааг дахин гурван сараар сунгаж, нийтдээ зургаан сараар хойшлуулсан. Мөн хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг гурван сарын хугацаанд төрөөс хариуцна.

-НОСК зэрэг бусад хуулийн этгээдүүдэд шинээр шаардлагатай тусгай зөвшөөрлийг олгож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх талаар хууль тогтоомж, бусад арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх. Ингэснээр зөвхөн “Монголын ипотекийн корпораци” гэх байгууллагаас хамааралтай бус өрсөлдөөн бий болгож, төр хувийн хэвшлийн бусад байгууллагууд ч оролцох боломж бүрдэнэ.

-ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаарыг бууруулж тогтоох. 500 сая байсныг 300 сая болгож бууруулна.

-“Алт-II” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Санхүүжилтийг дэмжиж, эрчимжүүлснээр төгрөгийн тогтвортой байдлыг хангана. Хөнгөлөлттэй санхүүжилт олгох.

-Татан буугдсан банкуудад байсан төрийн мөнгөний өрийг барагдуулах тусгай активын хороо буюу УЕП-ын газар, банкны эрх хүлээн авагч бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулна. Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг сургууль хэлбэрээр улсын хэрэгцээнд ашиглах.

-ББСБ-ын үйл ажиллагааг цэгцлэх, дэг журамтай, нээлттэй ил болгох тогтолцоог бүрдүүлнэ. Цахим үйлчилгээг дэмжих шийдвэр гаргана.

-Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаална. Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төслийг өргөнө барих.

-Үүрэн телефоны компанийн удирдлага, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж цахим шилжилтийг бодитой болгохоор тохирсон.

...гэх мэт шийдвэрүүдийг гаргажээ. Мөн онлайн банк, цахим төлбөрийн системийг боловсруулах чиглэлээр үүрэг чиглэл өгсөн гэлээ. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг нь коронавирус буюу цар тахлын эсрэг хуулийн төсөл боловсруулан, санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Англи зэрэг улс орнуудад 1-2 жилийн хугацаанд мөрдөх хуулиудыг баталж байгаа учраас ингэх нь зөв гэж үзсэн гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. Өөрөөр хэлбэл, олон хүн цуглахыг хориглох, маскаа тогтмол зүүхийг хуульчлах аж.