Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, "БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж амьдардаг манай улсын 50 иргэн гуравдугаар сарын 25-наас хойш эх орондоо ирэх хүсэлт гаргасаны үндсэнд тооцоо судалгааг хийж маргааш өглөө 50 иргэнээ татаж авахаар шийдвэр гаргалаа. 0-5 насны 4 хүүхэд, 5-18 насны 3 хүүхэд, өндөр настан 2 байна. Гадаадад байгаа иргэддээ тусламж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр судалгааг хийж, манай яам саналаа танилцуулсан" гэлээ.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ярихдаа, "Энэ сарын 12-ны байдлаар ЮНЕСКО-ийн гишүүн 192 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Манай улсад бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл үргэлжлүүлэхээр боллоо. Улсын болон анги дэвших шалгалтын дүнг сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцно. Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургуулийн халаалт, цахилгааныг хязгаарлана. Ингэснээр хэмнэгдсэн хөрөнгийг шаардлагатай зүйлд зарцуулахаар шийдвэрлэлээ. Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд улаан шугам тавихгүй. Сурагчид мэргэжлийн сургуульд элсэх болох аравдугаар ангидаа дэвшин орон шийдвэрийг өөрөө гаргана. Элсэлтийн ерөнхий шалгалтыг \ долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах бөгөөд их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд цахимаар явуулах нь хэвээрэй. Харин төгсөх ангийн хүүхдүүдийг цөөн тоогоор танхимаар давтлага өгөх асуудлыг судалж байна. Энэ асуудлыг нөхцөл байдлаас шалтгаалан 5 эсвэл 6 дугаар сард дахин хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн захирамжаар ЭЕШ өгөх шалгуулагчдаас Монголхэл бичгийн шалгалт авдаг байсныг энэ жил өнжихөөр болсон. Сургалтын төвүүдийн зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгдөг тул сургалтын төвүүдийн үйл ажиллагааг цөөн хүнтэйгээр ажиллуулах асуудлыг тус яам хариуцна. Төлбөртэй сургуулиудын асуудлыг сургууль эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран шийдвэрлэх боломж бий" гэлээ.