ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Төрхүү: Би сонгуульд нэр дэвшихгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-20

- Миний хувьд сүүлийн хоёр, гуравдугаар сарын урамшууллыг өгсөн, ажилтнуудынхаа үндсэн цалинг нэмсэн-

УСУГ-ын дарга Ц.Төрхүү 1500 ажилтны үр дүнгийн цалинг төлөвлөгөө биелээгүй гэх шалтгаанаар олгохгүй байгаа талаарх мэдээлэл манай сайтад ирсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу УСУГ-ын дарга Ц.Төрхүүтэй холбогдож “Таван үг” солилоо.

-Сайн байна уу, таныг төлөвлөгөө биелээгүй гэсэн шалтгаанаар 1500 хүн үр дүнгийн цалинг олгохгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ үнэн үү?

-Коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотой төлөвлөгөө биелэхгүй байна. Тиймээс ажилтнууддаа үр дүнгийнх нь цалинг өгөх үү, яах вэ гээд бодоод сууж байна.

-Шалтгаан нь ердөө төлөвлөгөө биелүүлээгүй гэж тайлбарлах нь учир дутагдалтай юм биш үү?

-Манай бүх төлөвлөгөө тасарсан. Ганцхан манайх гэлтгүй дэлхий нийтээрээ ийм байна шүү дээ. Үр дүн бол шагнал цалин. Сайн ажилласан хүмүүст олгодог шагнал юм. Одоогийн байдлаар бүх төлөвлөгөө тасарсан.

-Таныг сонгуульд нэр дэвших гэж байгаа. Тиймээс үр дүнгийн шагнал цалинг хассан гэх юм. 1500 хүний шагнал цалин бол бага мөнгө биш?

-Би сонгуульд нэр дэвшихгүй. Дэлхий нийтээрээ хямарч, төлөвлөгөө биелэхгүй байхад янз бүрийн худал мэдээлэл тараах юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, баар, цэнгээний газрууд бүгд хаалттай. Тиймээс усны борлуулалт муу байна. Усыг хүмүүс худалдаж авахгүй байна шүү дээ.

-Хэдийгээр хүндэтгэх шалтгаан байгаа ч онцгой цаг үед 1500 хүний шагнал цалинг олгохгүй байх нь зохисгүй үйлдэл шүү. Энэ нөхцөл байдалд ажилтнуудаа дэмжих, анхаарах нь илүү чухал байна шүү дээ?

-Миний хувьд сүүлийн хоёр, гуравдугаар сарын урамшууллыг өгсөн. Мөн ажилтнуудынхаа цалинг нэмсэн. Цаашид энэ хэвээр явах юм бол байгууллага өөрөө хэцүүдэх гээд байна.