Иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болон, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар амь насаа алдсаар байна.
Тухайлбал энэ оны зургадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 27 удаа усны осол гарч, 35 хүн амь насаа алджээ. Үүнээс найм нь хүүхэд, 27 нь насанд хүрэгсэд байна.
Иймээс Онцгой байдлын ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Мөн гол усны ойролцоо амарч зугаалалгүй, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна.