ХНХЯ-нд мэргэжилтнээр ажилладаг Б.Болороо гэх бүсгүйн нөхөр “Хишиг арвин индустриал” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан билээ. Б.Болороо бүсгүй олон хүмүүсийн нийгмийн хандлагыг өөрчлөхийн төлөө олон зүйл хийсэн, дайчин чадварлаг эмэгтэй. Тиймдээ ч ажлын байран дээрээ архи уучихсан байгаад цахилгаан шатны хонгил руу унаж амиа алдсан хэмээн дүгнэлт гаргасан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, ханийг нь алга болоод 10 хонож байхад камераа ч шүүж өгөхгүй, эсрэгээрээ авч явсан станц, байгууллагын түлхүүрийг нь нэхэж байсан тус компанийн удирдлагуудын өөдөөс эсэргүүцлээ илэрхийлэн Төв талбайд суулт хийж байлаа. Залуу бүсгүйн энэ эсэргүүцэл ч хүрэх ёстой хүндээ хүрч Ерөнхий сайд У.Хүрэлсүх талбайд гарч ирэн уулзаж, асуудлыг нь үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явна гэдгээ мэдэгдсэн.
Мөн олон арван хэвлэл мэдээлэл энэ хэргийн араас дуугарсны эцэст Шүүх шинжилгээний хариу үнэн зөвөөр гарчээ. Өөрөөр хэлбэл, Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр талийгаач архи уугаагүй нь тогтоогдсон бөгөөд 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш цахилгаан шатны хонгилд 10 гаруй хоног байхдаа өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарчээ. Уйгагүй тэмцлийн үр дүнд Б.Болороо ханийнхаа нэрийг цэвэрлэж чадсан аж.
Тэрбээр, энэ талаар өөрийн нүүр номондоо “Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан. Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань буруугүй, компанийн 100 хувь буруу гэж гарсан. Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш та бүгдийн дэмжлэгээр. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү.
Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа та бүхэндээ баярлалаа. Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА. Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.
БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ” хэмээн бичжээ. Залуу хосууд бяцхан охинтой байсан бөгөөд үнэнч хайр, үлгэр жишээ хосуудын нэг байсан юм.