Улсын онцгой комиссын “Шуурхай штаб”-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, гадаадад байгаа иргэдээ хэр хугацаанд, хаана хаанаас буцаан татах талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Маргааш Турк улсын нийслэл Истанбул хот руу нислэг хийнэ. Тэндээс нийтдээ 170 орчим иргэнээ татан авна. Онгоц нөгөөдөр Улаанбаатар хотод газардана. Мөн Улаан-Үд хотоос 200 гаруй иргэнийг энэ сарын 14-нд буюу пүрэв гарагт татаж авна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Мөн Эрхүү хотын Консулд бүртгүүлсэн 200 гаруй оюутан, сурагч, иргэдийг татан авахаар шийдээд байна” гэлээ. Иргэдийг татан авах үеэр өмнө тавьж байсан шаардлагуудыг ч мөн тавих аж. Тухайлбал, шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны мөнгөө төлсөн байх, амны хаалт зүүх, онгоцонд суудлаа солихгүй байх ёстой гэлээ.
Мөн Энэтхэг улсад байгаа монголчуудын нөхцөл байдал хэцүүдэж байгаа. Эдгээр иргэдийг хэрхэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад “Энэтхэг улс дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг баталгаажуулж байна. Энэ сарын 18-нд Дели хот руу тусгай нислэг үйлдэнэ. Өмнө нь Элчин сайдын яам дээр нэрс баталгаажуулах асуудал маш их шүүмжлэл гарч байсан. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн Элчин сайдын яам зөвхөн бүртгэл хийж, хүсэлтийг хүлээж авна. Харин тэдгээр иргэдийн нэрийг УОК хүлээн авч, шаардлагатай, хүндэтгэх шалтгаантай иргэдийг эрэмбэлнэ. Лам хүүхдүүд Дели хотоос 2000 км зайд шавилан суудаг.
Тиймээс эрсдэлтэй үед олон хотуудаар дамжуулж хүүхдүүдийг зөөх нь өөрөө эрсдэл дагуулна. Тиймээс хүүхдүүдэд ойрхон хотуудад шууд нислэг хийж болох эсэхийг судалж байна. МИАТ компани өдөр шөнөгүй судалгаа хийж байгаа. Зөвшөөрөл өгсөн даруйд нислэг үйлдэж, хүүхдүүдийг дараагийн ээлжинд авна. Дели хотоос нааш ирэхээр 190 гаруй иргэн хүсэлтээ өгчихсөн” гэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 46 улсаас 10836 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ.