Шатахуун импортлогч хэдхэн компанийн эздийн дуусашгүй шунал, хязгааргүй ноёрхол, төрийн толгойд суусан 76 улстөрчөөс илүү Монгол Улсын толгойн өвчин болчихоод байна. Эрх мэдэл, мөнгө, импортын шатахуун гурваараа дарласан цөөхөн хэдхэн олигархиуд үгсэн тохирч суугаад л үнээ нэмдэг болоод удав. Хамгийн хоржоонтой нь тэд баяр болгоноор үнээ нэмж, ядарсан ард түмнээ доромжилдог. Үүнийгээ дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ тонн тутамдаа нэмэгдсэн, ОХУ-ын талаас хилийн үнээ нэмсэн, Засгийн газар шатахууны онцгой албан татварыг нэмлээ гэх мэт шалтгаанаар хаацайлаад өнгөрч байлаа.
Гэтэл начир дээрээ тэдний үнээ нэмсэн шалтгаан зөвхөн ашгаа нэмж олох гэсэн арчаагүй шунал байдаг нь худлаа биш. Түүнчлэн, төр засгийг өөрийн хүслээр удирдаж, тэднээр юу хүссэн шийдвэрээ гаргуулах шат нь шатахууны үнэ нэмж, ард иргэдийг бухимдуулах арга байдаг юм билээ. Шинэ оны өмнөхөн тэд литр тутамд нь 250 төгрөгөөр нэмнэ хэмээн шантаажилсаар онцгой албан татварын нэмэгдлийг цуцлуулж чадсаныг уншигч та санаж буй биз. Мөн нэмэхээс өөр аргагүй гэсэн олон ч шалтгаан бодож олж, үүндээ төр засгийг итгүүлсний үр дүнд АИ-95, АИ-98 шатахууны үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдэж, харин АИ-92 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн юм.
Тэгвэл дөнгөж өчигдөрхөн монголчуудыг найр наадам хэмээн сатаарч, хөлбөмбөг үзэн хорхойсч байх зуур шатахууны үнэ литр тутамдаа 80-90 төгрөгөөр нэмэгджээ. “Содмонгол”, “Петровис”, “М ойл” зэрэг нефть импортлогч компаниуд нэгэн зэрэг нэмсэн бол одоогоор “Шунхлай” үнээ нэмээгүй байгаа юм. Гэнэтхэн л үнээ нэмсэн шалтгааныг Засгийн газар ч хайж эрсэнгүй. ШӨХТГ ч дуулиантай мэдэгдэл хийж, торгоно хэмээн сүржигнэсэнгүй. Угтаа тэд дээд, доод бүх сүлжээгээрээ үгсэн хуйвалдсан нь илхэн. Засгийн газар ч тэдний шантаажийг эртнээс мэдэж байсан уу, ажин түжин амар амгалан суухыг илүүд үзэв. Харин ядарсан иргэдийн цалин нь нэмэгдэхгүй атлаа задарсан импортлогчдын халаас дахиад л бидний зовж олсон хэдэн төгрөгөөр түнтийх нь ээ.
Энэ улс эзэнгүй юм шиг орхигдож, импортын компанийн хэдэн олигархи монголчуудыг төртэй нь хамт доромжлоод сууж байх юм. Нөгөө талаас шатахууны үнийг нэгхэн өдрийн дотор нэмсэн шалтгаан нь шантааж байх магадлал тун ч өндөр. Угтаа энэ улсыг урагш нь хөгжүүлэхгүй гэсэн тэдний арчаагүй үйлдэл ч байж мэдэх юм. Учир нь хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх нар Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэрийн суурийг тавих түүхэн үйл явдалд оролцоод ирсэн. Хөрсөн дороо нефтийн асар их нөөцтэй атлаа урд хөршдөө өгч, өөрсдөө харин хойд хөршөөсөө нефть импортолж байсан тэр цаг ард хоцрох сайн цагийн эхлэл ирж, таван удаагийн бүтэлгүй оролдлогын дараа бид арайхийн шав тавих хэмжээнд очлоо. Энэтхэгийн компаниуд ч ажлаа өнөөдөр, маргаашгүй эхэлнэ гэдгээ мэдэгдэв.
Харин энэ бүхэн нь импортлогчдод таалагдсангүй бололтой. Хэрвээ үйлдвэр ашиглалтад орж гэмээнэ тэдний бизнес нэгмөсөн дампуурна. Монголчуудыг олон жил шулж, ядарсан ажилчдаараа эдлэн газрынхаа шарилжийг зулгаалган бах таваа хангаж суудаг "боолын эзэд”-ийн ноёрхол нуран унана. Үүнээс л тэд хамгийн их айж байгаа учраас үйлдвэр нээсэн цаг үетэй зэрэгцэн үнээ нэмж “гэнэтийн бэлэг” барилаа. Гэвч монголчууд шөрмөстэй ард түмэн. “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэдэгчлэн Монголдоо үйлдвэрлэсэн шатахуунаар машинаа дүүргэх тэр сайхан цагийн харахын тулд хэчнээн удаагийн дарамтыг ч даваад гарч чадна гэдгийг тэд харин мэдэхгүй байгаа бололтой.
Харин тэр цагт үгсэн хуйвалдагчдад энэ улсад нүүрээ хийх газар олдохгүй болох биз ээ. Импортлогчдын цаад хүсэл нь нефтийн үйлдвэрт хувьцаа эзэмшиж, эс бөгөөс хамтарч ороод ашиг олох явдал байжээ. Ийм санал ч нэг биш удаа гарч, Аж үйлдвэрийн яамтай байхад ажил хэрэг болох тухай яригдаж байсан нь худлаа биш. Харин энэ удаа тэд санасандаа хүрч чадаагүй, гадны компанид эрхээ алдчихсан учраас хорсол зэвүүцлээ, бас шантаажаа ингэж гаргав бололтой. Тэглээ гээд бууж өгч, тэднийг улам даврааж огтхон ч болдоггүй юм шүү, Ерөнхий сайд аа.