Австрали улсаас иргэдээ авчирч буй Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүүгийн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо иржээ.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлах юм байна.
Энэ удаагийн нислэг Австрали тив рүү хийсэн анхны гэдгээрээ онцлог бөгөөд нэг талдаа 10,100 орчим км зам туулах МИАТ компанийн нисэх багийн бүрэлдэхүүнийг Ж.Доржнамжил ахалж байгаа ажээ.
Гадаад харилцааны яам, МИАТ компани нь Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улстай хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дээрх орнуудад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан дипломат шугамаар хэлэлцэж авсан гэв.