Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Эхний ээлжинд яг одоо өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулъя. Иргэдийг хүлээж аваад, тусгаарлаад, эмчлээд хяналт тавиад ажиллаж байгаа тэр албан хаагчдыг. Эдгээр хүмүүст урам хэрэгтэй. Ингэхдээ тухайн төрийн албан хаагчийн орлогод тулгуурлан иргэд өөрсдөө байр сонгох боломжоор хангах нь чухал. Харин чанар сайтай, ашиглалтад 100 хувь бүрэн орсон барилгын жагсаалт ил тод, нээлттэй байх ёстой” хэмээн ярьж байсан билээ.
Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад өнөөдөр 16:00 цагт Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхан БАТЛАМЖ гардуулах аж.