Өчигдөр Туул голын усанд хоёр хүн осолджээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага өчигдөр 15:16 цагт Онцгой байдлын газар очжээ.
Дуудлагын дагуу, Аврах ангийн алба хаагчид очиж Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн байна.
Харин 20 настай, эрэгтэй С-г олоогүй тул 22:25 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.
Ойрын өдрүүдэд усанд осолдсон дуудлага бүртгэгдсээр байна.
Тухайлбал:
- Энэ сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Жаргалант” гэдэг газар иргэн 32 настай, эрэгтэй Г, 31 настай, эрэгтэй М, 20 настай, эрэгтэй Н нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.
Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон бусад хүмүүс “Хэрлэн” голоор 24 км-т усаар болон голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх жиллагаа үргэлжилж байна.
- Түүнчлэн зургаадугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Цагаан чулуут” гэдэг газар 39 настай, эрэгтэй малчин Б, 5 настай, эмэгтэй С нар Хярхан голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.
Тухайн өдөр голын эргээс тухайн иргэдийн унаж явсан мотоциклыг нь олсон бөгөөд "Хярхан” голын дагуу 32 километрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн гүний шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.