Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт 13 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг хэлэлцлээ. Биднийг тус шүүхийн гадна 11:00 цагийн үед очиход “Лантуун дохио” ТББ, “Холун хатны үрс” ТББ-ын 40 гаруй залуус “Нүдээ нээ”, “Шударгаар шүү” гэсэн бичиг бүхий самбар барин зогсож байлаа. Шүүхийн үүдэнд “Бүх насаар нь хорих ял” гэсэн бичиг барьсан цагаан сахалтай өвөө, талийгаач охины зургийг барьсан эмэгтэй сууж байв. Талийгаач охины ээж С.Баясгалан “Шүүх хуралд хэлэх үгээ цаасан дээр бичээд ирсэн. Даанч намайг оруулсангүй.
Миний охиныг архичин байсан мэтээр удаа дараа ярьж нэр төрд нь халдсан. Сэжигтэн Д.Жавхлангийн өвөө нь “Харна аа, та нарыг. Би хүүгээ ялгүй гаргана” гэж хэлээд салаавч гаргасан. Гуравхан настай хүү минь надаас эгчийгээ нэхэж уйлдаг” гэв. Охины эмээ С.Оюунцэцэг “Охиныг минь хэрцгийгээр зэрэмдэглэсэн байсан. Уруул ам нь сэтэрсэн, хамар нь далийсан, удаан хугацаанд уйлснаас болж нүд нь бэлцийж, нулимсандаа түлэгдээд цайчихсан байсан. Миний охин архи уух нь бүү хэл чихэр жимс нэхдэг насандаа байсан. Шүүх эмнэлэг дээр очоод охиныхоо цогцосыг хараад таниагүй. Танихын эцэсгүй болгосон байсан” гэсэн юм.
“Холун хатны үрс” ТББ-ынхан “Төр ажлаа хийхгүй байна. Монголд хүүхэд аюулгүй амьдрах баталгаа алга. Энэ хэргийг шударгаар шийдэхийг шаардан жагсаж байна” гэв. Үдийн 13:30 цагийн үед шүүх хурал түр завсарлаж хохирогчийн өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Г.Батбаяр “Сэжигтнүүд хэргээ нуун далдлахын тулд ам хамрыг нь дарсан байсан. Амьсгал бүтэлтийн улмаас уушгинд нь архи орж амь нас нь хохирсон гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна.
Хохирогч архины хурц цочмог хордлогын улмаас нас барсан. 5.7 промиль спирт талийгаач охины ходоодноос илэрсэн. Тийм жаахан охин 500-700 мл архийг өөрөө ууж чадахгүй. Энэ бол гадны нөлөөтэй аллага” гэв. Талийгаач охины аав шүүх хурлаас гарч ирээд “Охиноо нас барснаас хойш миний сэтгэцийн эрүүл мэндийн байдал муудсан. Хэрэгт холбогдогчдын зүгээс уучлалт гуйх нь бүү хэл миний биед удаа дараа халдсан. Шүүх танхимд миний охиныг архичин байсан мэтээр өмгөөлөх гэж оролдож байна” гэсэн нь тэнд цугларсан хүмүүсийн зэвүүцлийг төрүүлсэн юм. Жагсагчид “Шударга шүүхийг шаардаж байна” хэмээн дуу хоолойгоо нийлүүлэн хашхирч байлаа.
Шүүгдэгчийг өмгөөлөх явцдаа “13 настай охиныг та яагаад замбараагүй явдалтай, архичин хэмээн хэлсэн юм бэ” хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгч н.Оюунцэцэг асуухад “Үндсэн хуульд зааснаар хүн хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгч авах эрхтэй. Энэ дагуу өмгөөлөгч авсан. Нотлох баримттай ярих хэрэгтэй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүнд авлига өгөхөөр чадалтай амьдралтай биш” гэв.
Оройн 17:00 цагт шүүх хурал завсарлаж өмгөөлөгчид дахин мэдээлэл хийлээ. Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр “Сэжигтэн Д.Жавхлан охины биеэс миний үрийн шингэн илрээгүй. Тиймээс би буруугүй хэмээн өөрийгөө өмгөөлж, гэм буруугаа хүлээхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 6.7.11-т зааснаар хүний амь насыг аюултай байдалд байхад аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэдэг байдлаар “Очир” төвийг 200 мянган төгрөгөөр торгосон” гэх мэдээллийг өглөө.
Шүүх хурал 18:00 цагт шийдвэрээ гаргасан бөгөөд “Сэжигтнүүд бага насны хүүхдийг хүчирхийлж алсан нь тогтоогдож байна. Тиймээс хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээр нь давхар зүйлчилж, зүйлчлэлийн хэм хэмжээг өөрчилж хүндрүүлсэн нөхцөлөөр дахин оруулж ирэх шаардлагатай” гэдэг шийдвэрийг шүүх гаргажээ. Өөрөөр хэлбэл, прокурорт дахин буцаалаа.
О.ЦэцэгсҮрэн