Цалингаа барьцаалж банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацаа өнөөдөр болж байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд би өргөн түмэндээ хэвлэлийн хурал хийж мэдэгдэж байхаар шийдлээ. Бас скаймедиа, утасны төлбөр төлөхдөө ч гэсэн хэвлэлийн хурал зарлаж, хэдэн өдрийн хоолны мөнгөөр кино үзэж, бас хүмүүстэй дэмий балай зүйл ярьж байснаа мэдэгдэж байхгүй бол болохгүй юм байна.
Дэгсдүүлж хэлбэл, нэг байрны урьдчилгаа хийх мөнгийг зээлэнд төлсөн байна. Тиймээс мэдээлэл хийх нь зөв юм байна. Бас төр засгийнхаа бодлогыг дэмжиж байгаа юм. Яагаад гэвэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсынхаа төлөө өдөр шөнөгүй санаа тавьдаг. Соошлоор хүртэл ажлаа амрахгүй хийж, өр төлөх бүртээ хэвлэлийн хурал зарладаг болсон. Тиймээс Хүрлээ сайдыгаа дэмжмээр санагддаг болов.
Өчигдөрхөн гэхэд л манай сайд шинээр төв цэвэрлэх байгууламж барих мөнгийг зээлийн хүүнд төлсөн гэдгээ зарлалаа. Бусдын тавьсан өрийг дарж байгаа хүн ингэж мэдэгдэхгүй бол болохгүй. Эс бөгөөс хартай монголчууд чинь өөрийнхөө цалингийн зээлийг төлчихлөө гэж хардаад сүйд болно. Тэгээд ч сайд ажлаа яаж хийж байгаагаа хэвлэлийн хурал зарлаж дуулиантайхан мэдэгдэхгүй бол өр төлөөгүй гэж хардаад байвал яах билээ. Ер нь энэ улсын бүх алдаа бусдынх байдаг юм. Ардчилсан намын өрийг Ардын нам төлж байна. Өрөнд оруулсан нам нь АН.
Харин МАН-ынхан ард түмний халааснаас гаргахгүйн тулд гадны улс орноос зээлж авсан мөнгөөрөө өрийг дарж байгаа. Бас л сэтгэж чадсан байна. Бидний татварын мөнгөөр биш бусад улсаас өр тавьж авсан мөнгөөрөө зээл төлж байгаа явдалд баярлалаа, Хүрлээ сайд аа. Таван тэрбумыг зээлчихээд түүнийхээ нэг тэрбумаар нь АН-ын өрийг дарчихна гэдэг чинь сайд гүйлгээ ухаантай гэдгийг илтгэж байгаа хэрэг шүү. Ийм байхад төр засгаа ажил хийсэнгүй, юм бүтээсэнгүй гэж зэмлэх нь буруу, монголчууд аа. Ч.Хүрэлбаатар сайд ажлаа сайн хийж байгаа. Ямар ажил хийж байгаагаа ч нэгбүрчлэн нийтийн өмнө зарлаж, бүр хэвлэлийн хурал зарлаж байна. Өр өр бас дахин өр төлөх. Энэ бол сайдын ажил бас дахин ажил нь юм гэсэн.