Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр буюу есдүгээр сарын 11-ны өдөр шатахуун түгээх станцуудад шалгалт хийсэн талаараа мэдээлсэн. Улмаар дүнг танилцуулахдаа бинзений савнаас бохирдол буюу ус илэрсэн гэсэн юм. Уг мэдээлэлтэй холбоотойгоор олон нийтийн дунд буруу ташаа мэдээлэл тарсан учраас тайлбар гаргажээ.
Тодруулбал, "Бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш. Ус илэрсэн нь шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч тодорхой урвал явагдаж ус буюу тунадас үүсдэг тохиолдол бий. Мөн бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Энэ нь машинд шатахуунтай цуг орсноор машинд сөрөг үр дагавар илрэх, тухайлбал бензин насос эвдрэхэд нөлөөлөх нь ч бий. Үүнийг хэрэглэгчид хуурамч шатахуунаас боллоо гэж мөн дүгнэдэг" гэжээ.