Ерөнхий сайд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан есөн настай охины хэргийг анхааралдаа авч, салбарын сайд нарт үүрэг чиглэл өгчээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өнөөдөр хуралдаанаар Ерөнхий сайд салбарын сайдуудад үүрэг чиглэл өглөө. ЦЕГ-аас ажлын хэсэг гараад, хэрэг үйлдэхэд хүргэсэн нөхцөл байдлыг шалгаж, судалж байгаа. Есөн настай охины хэрэгт холбогдуулж, хэд хэдэн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Тухайлбал, хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа, зөвлөл болон хамтарсан баг зэргийг хэлж болно. Өнгөрсөн хугацаанд охинд хэрхэн хяналт тавьж, ажилласан юм бэ гэдгийг тогтооно. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийн дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. ШШҮТ-өөс Шүүх эмнэлгийн урьдчилсан мэдээллээр удаан хугацаанд үргэлжилсэн хүчирхийллийн золиос болсон гэж мэдэгдсэн. Охины хавирга бороолж, эдгэрэлт явагдсан гэдэг мэдээллийг өгсөн. Түүнчлэн хүчирхийлэл үйлдэгчийг шийтгэдэг. Мөн хүчирхийлэгч, хохирогч хоёрыг өөр хооронд нь уулздаггүй байх арга хэрэгслийг авч хэрэгжүүлнэ. Ирэх онд хэрэгжүүлэх цахим гавны хэрэгсэлд шилжүүлнэ. Охиныг хүчирхийлэлд өртсөн гэдгийг мэдсэн хэрнээ арга хэмжээ аваагүй зохих ёсны бүх газарт хариуцлага тооцно” гэлээ.