НЦГ, НОБГ-тай хамтран Туул голын эрэг дагуу морьт болон завьт эргүүл гарган ажиллаж байгаа билээ. Тус эргүүлүүд иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэхгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулд өртсөн иргэдийг авран хамгаалах ажлыг хийж байгаа юм. Манай сонины сурвалжлах баг “Бид аварна, хамгаална, тусална” уриатай ОБЕГ-ын харьяа Нийслэлийн аврах 105 дугаар анги, Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчдын хамтарсан завьт эргүүлийн нэг өдрийн ажлыг сурвалжиллаа.
Биднийг Баянзүрхийн товчоон дээр хийлдэг завь ачсан улбар шар өнгөтэй “УАЗ фургон” машин тоссон юм. Машинаас “Үер усны аюулаас болгоомжлоорой, бага насны хүүхэддээ хараа хяналт сайтар тавьж, анхаарал болгоомжтой байгаарай. Та бүхэн сайхан амарч хогоо хаяхгүй байхыг хүсье” хэмээн чанга яригчийн дуу тасралтгүй цангинаж байв.
3-6 насны хоёр хүүхэд Туул голын усанд тоглож байв
Баянзүрхийн товчооноос хөдлөөд голын эрэгт ирэхэд гурван настай дүүгээ дагуулсан зургаа орчим насны охин эргээс 5-6 метрийн зайд бэлхүүснээсээ дээш татах усанд тоглож байлаа. Ойр хавьд нь харгалзаж яваа том хүн үгүй бөгөөд голын эргээс 70 орчим метрийн зайд сараалжин төмөр хашаан дотор ганц гэр харагдав. ОБА-ны аврагч ахлах ахлагч Л.Будсүрэн тус гэрээс том хүн дуудаж уулзахад “Голд тоглож байгаа хүүхдүүд манай хүүхдүүд мөн байна” гэсээр 40 гаруй насны үсээ шууж боосон, нүд нь бөлцийж сэлхэртсэн бор эмэгтэй ирж хүүхдүүдийг авсан юм. Хүүхдүүдээ голын усан тоглож байгааг мэдээгүй хэмээн ярих тэр эмэгтэй том охиныхоо нуруу руу нудран “Чамайг ингээд голын ус руу гүйгээд байвал цагдаа нарт өгөөд явуулчихна шүү” хэмээн сүрдүүлж, бага хүүхдийнхээ хааг нь ханз татах нь уу гэлтэй чирсээр одов.
Дээрх байдлыг ажиглаж зогссон нийслэлийн аврах ангийн залуухан аврагч, ахлах ахлагч Ж.Цолмонбаатар “Хүүхдээ хаана байгааг мэдэхгүй. Олоод өгөхөөр баярлалаа гэж хэлэхийн оронд энэ хүмүүст өгөөд явуулна шүү гэх юм. Бид нар ямар хадны мангаа юм уу” гэсэн юм. Биднийг цааш явтал зургаан унага уяж, гүү барьсан айл харагдав. Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн н.Тайвантөрын гэр бүлд хотын ногоон бүсэд мал байлгахгүй гэсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, малаа даруй хөдөө гаргах талаар хугацаатай үүрэг өгөөд хөдөлсөн юм.
Онцгой байдлын аврах 105 дугаар ангийн бүлгийн дарга, дэслэгч Н.Болор-Эрдэнээс “Завьт эргүүл” үйл ажиллагааны үр дүн ямар байгааг асуухад “Завьт эргүүлийн үйл ажиллагаа зургадугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл Туул голын эрэг дагуу хоёр бүлэгт усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ажлын гол үр дүн нь ард иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлэх юм. Мөн амарч, зугаалж байгаа хүмүүс голын эрэг дагуу маш их хог хаяж бохирдуулдаг. Иймээс иргэдийг ухамсарлуулах, хогоо аваад явах зөвлөмж, уриалгыг давхар хүргээд явж байна.
Аврах ажиллагааны бүлэг 3-5 аврагч, бүлгийн дарга, жолооч, цагдаагийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрнээс Баянзүрхийн гүүр болон Хар-Усан тохой хүртэлх бүсэд өглөөний 08:00 цагаас хүмүүсийн хөл татартал буюу оройн 22:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна” хэмээн хариуллаа. Завьт эргүүлийнхэн өдөрт 50-70 машин, 400-450 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажилладаг аж. Аврагчид “Иргэд хүүхдээ дагуулж ирээд анзааргагүй орхидог. Цэлмэг нартай өдөр голын усны түвшин нэмэгдэхгүй эд нар одоо юу гээд байгаан гэж хэлээд бидний сэрэмжлүүлгийг тоодоггүй. Туул гол Хэнтийн нуруунаас эх авдаг. Хэнтийд бороо орох үед Улаанбаатарт усны түвшин огцом нэмэгддэг. Байнга ирдэггүй иргэд усны түвшин нэмэгдэж байгааг мэддэггүй. Үүнээс болоод осолд өртдөг” хэмээн ярьж байв.
Ухамсар муутай хүмүүс Туулын эргийг бузарлаж байна
Завьт эргүүлийнхэн Баянзүрх уулын бэл дагуух голын эргээр явган явж эрэг дээр амарч буй хүмүүст автомашинаа голын эргээс 50-100 метрт байрлуулах шаардлага хүргэж явлаа. Амрагчдын хэрэглэсэн нойлын цаас, хүүхдийн живж, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл гэх мэт ахуйн гаралтай хог хаягдал 3-5 алхам тутам тааралдаж, ялаа батгана шавуулжээ. Мөн архины шил, шилний хагархай, ундаа, пивоны савнууд хаа сайгүй хөглөрөх аж.
Голын бургас дунд цагаан, шар, цэнхэр торонд хийж амыг нь зангидаж орхисон гялгар ууттай хогийг маш их таарах бөгөөд ууттай хогоо хогийн цэгт яагаад хаяж болоогүй юм бол гэх бодол төрж байв. Бор картон цаасан хайрцагт хийж хаясан хог хажуугаараа унаж асгарчээ. Түүнээс асгарсан хог салхины аясаар энд тэндгүй хөглөрч байгаль орчныг бохирдуулж байв. Ил задгай хог хаясан хүнийг үйлдэл дээр нь илрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу голын сав газарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хогийг цэвэрлүүлээд 100 мянган төгрөгийн торгууль ногдуулдгийг цагдаагийн ахлагч Ч.Энхбаяр хэлсэн юм. Баянзүрх дүүргийн иргэн Т.Саруул “Хүүхдүүдээ голын усанд тоглуулахаар ирсэн юм.
Даанч ийшээ ч харж сэжиглэж, тийшээ ч харж цэрвэсээр яваад майхан барьчих газар олсонгүй. Дүүрэн хогон овоо байна. Хүмүүс ядах нь ээ хоолны үлдэгдлээ буусан газраа хаясан байгаа нь ухамсаргүй муухай санагдаж байна” хэмээн цухалдаж байв. “Тээж ирсэн хогоо цэвэрлээд ачаад яваарай” гэж хүмүүст хэлэхээр “Өөрсдийнхөө хогийг цэвэрлэчихсэн” гэж хэлээд хоёр гурван алхмын зайд буй ундаа архины шил, бэлэн хоолны сав, гялгар ууттай хогийг ширэв татаад өнгөрч байлаа. 200 литрийн төмөр поошигийг будаж 4-6 ширхэгээр нь байрлуулсан хогийн цэг харагдах боловч хүмүүс поошигт хогоо хийлгүй, тэр зүгт зүглүүлээд шидэлсэн байв. Хогийн цэгийн хавиас хамар сэтлэм муухай үмхий үнэр ханхлах аж.
Халамцуу охид аврагчдыг даапаалж байв
Бид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой амаас голоор завьтай уруудав. Амарч зугаалж буй хүмүүс голын эрэгт машинаа шахаж тавиад майхнаа босгон хөзөр тоглох, хоол хийх, архиа тойруулах зэргээр тус бүрнээ завгүй харагдав. 10 орчим насны хүүхдүүд дүү нараа харж асрахын хажуугаар өөрсдөө усанд тоглох аж. Амрагчдын бага насны хүүхэддээ тавих анхаарал нийтээрээ сул байдаг нь анзаарагдсан юм.
Мөн тогтоол усанд хэрэглэдэг дугуй хөвүүрт суусан хүүхдүүд их байх бөгөөд тус хөвүүр урсгал усанд хүүхдийг шууд авч урсах эрсдэлтэй зориулалтын бус гэдгийг сэрэмжлүүлж байсан юм. Завин дээрээс “Анхаарал сэрэмжтэй байцгаагаарай, бага насны хүүхдүүдээ усны аюулаас болгоомжлоорой” хэмээн сануулах аврагчийн үгийг үл тоож “Та нар ямар жаргасан юм бэ. Завин дээр чинь ганц сууя тэх үү” хэмээн хөлчүүрхэх хүн ч таарч байв. Бургасны сүүдэрт усан дотор пиво ууж байсан 20 орчим насны таван бүсгүй согтож талимаарсан нүдээр биднийг хараад “Намайг авраач, живлээ. Би живж байна” гэх зэргээр өдөн тохуурхаж, бие биесээ хөөрөгдөн чангаар инээж байгаа нь туйлын ичгэвтэр санагдав.
Урсгал даган урсах улбар шар өнгөтэй хийлдэг завийг сурмаг сэлүүрдэж явсан Нийслэлийн аврах ангийн аврагч ахлах ахлагч Т.Түвшинбаатар “Хүмүүсийн нүдэнд бид нар завиар зугаалж яваа гоё хүмүүс гэж харагддаг шиг байгаа юм. Толгой дээрээс нэмэх 30 хэмийн халуунаар нар шарж байх үед голын усанд завьтайгаа хөвөөд эрэг дээр байгаа хүмүүсийг нэг бүрчлэн анзаарч, тэр хүн ширүүн урсгалтай газар байгаагаа мэдэж байгаа болов уу. Энд тоглож байгаа хүүхдийн эцэг эх нь хаана байна. Хэн хаана живчих бол гэж түгшиж яваа хүнийг ингэж даапаалахаар үнэхээр стресстдэг” хэмээн ярьж байв. Нухацтайгаар эргэн тойрноо гярхай гэгч нь ширтэх тэднээс ажлын хариуцлага нэвт харагдаж байлаа.
Хүн голын усанд хөл алдвал ердөө гурван минутад осолддог байна. Усанд живлээ гэх дуудлага мэдээлэл авсан аврагчдад нь нэг секунд ч үнэтэй байх нь ойлгомжтой. Гэтэл онцгой байдлын шар машинтай аврагчид голын эрэг дагуу өндөр хурдтай давхиад байна гэх иргэдийн гомдлын дагуу тэднийг 60 км/цагаас дээш хурдтай явахыг хоригложээ. Энэ нь хүний амийг аврахын төлөө амь тэмцэн давхиж яваа аврагчдын ажлыг хорлосон үнэхээр буруу шийдвэр болсон гэдгийг аврагчид хэлж байв.