ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн вагонд өнгөрөгч амралтын өдөр гал гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-02

Өнгөрөгч амралтын өдөр Улаабаатар-Эрдэнэт чиглэлд зорчиж явсан суудлын 273 дугаар галт тэрэгний 436 дугаар номерын вагонд гал гарсан гэх мэдээлэл манай редакцид ирэв. Хэдийгээр галын улмаас ноцтой гэмтэл учраагүй, түлэгдэж гэмтсэн хүн байхгүй ч хамгийн аюулгүй унаа хэмээн итгэж суудаг суудлын вагонд хүртэл ийм асуудал гарч буйд гомдолтой байна гэдгээ мэдээлэл ирүүлсэн иргэн хэлж байсан юм.

Бид мэдээллийн мөрөөр УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай утсаар холбогдон энэ асуудлыг тодруулахад “Гал гарсан гэдгийг мэдэхгүй байна. Би хөдөөгүүр ажилтай явж байна. Манай хэвлэлийн төлөөлөгчөөс тодруул” хэмээн утсаа салгасан юм.

Түүний хүсэлтийн дагуу бид Хэвлэл, мэдээллийн албатай нь холбогдож энэ талаар тодруулахад “Өнгөрөгч амралтын өдөр гал авалцсан. 436 дугаар номерын вагоны цахилгааны шитнээс гал авалцсан. Гэхдээ шуурхай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраасан байгаа. Зорчигчдыг маш яаралтай хажуу талын вагон руу шилжүүлсэн учраас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Гал гарсан гэж айхтар сенсаацилж болохгүй байх. Зөвхөн цахилгааны утасны орчим авалцсан төдий. 

Ер нь манай ХНН-ийн суудлын вагонуудын насжилт маш өндөр болсон. Техникийн шинэчлэл хийхгүй бол хуучирч муудсанаас шалтгаалан гэмтэл, эвдрэл гардаг. Энэ удаагийн золгүй тохиолдол ч хуучирсан утаснаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс цаашдаа бид техникийн бүрэн бүтэн шинэчлэл хийх шаардлагатай болж байна” гэсэн юм. Дархан-Эрдэнэт чиглэлийн автозам эвдэрхий тохиолдолд иргэд вагонд л амь нас, эд хөрөнгөө даатган явж байгаа нь худлаа биш. Гэтэл хамгийн аюулгүй гэж үзсэн тээвэрт нь хүртэл мөргөлдөх, унах, шатах асуудал нэг биш удаа гарч буйг анхаарах цаг нь болсон байна.

Хуучирч муудсан шугам хэлхээний цахилгаан дамжуулах кабел шатсан гэх дүгнэлттэй хэрэг 2020 он гарснаас хойш ийнхүү хоёр дахь удаа бүртгэгдэж байна. Тодруулбал, 2020 оны тавдугаар сард мөн л ажил тарж байх үед буюу 17.00 цагийн орчимд Улаанбаатар-Бээжин чиглэлийн вагонд мөн л цахилгаан дамжуулах кабел шатсаны улмаас гал гарсан байдаг.

УБТЗ-ын ажилчид, гал унтраах ангийн албан хаагчид нэгдэж галыг нь унтраасан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Угтаа УБТЗ-ынхан вагон унасан ослоо дэр модноос шалтгаалсан хэмээн модонд буруугаа чихээд өнгөрч байсан бол одоо насжилт өндөртэй вагонууд нь ийнхүү ар араасаа шатаж буйд хариуцлага хүлээх хүн  олдохгүй өнөөдрийг хүрэв. Насжилт өндөртэй гэдэг шалтгаан руу бурууг чихээд өнгөрөх бус байгууллагынхаа аюулгүй байдал, иргэний амь насны төлөө ажлаа хиймээр байна, дарга нар аа.