ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр энгэрээ мялаасан гавьяатуудын сэтгэгдлийг хүргэе

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-05

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.  Тэрбээр,  "Цар тахлын улмаас төрийн дээд цол, одон медаль гардуулах ажиллагаа хойшилсоор өнөөдөр алдар бүтээл, амжилтын эздэдээ цол тэмдгийг нь гардуулж байна. Цагаан сар, Наурызын баяр, Хүүхдийн баяр, Улсын баяр наадмаар олгох ёстой байсан одон, медалиудыг хөл хорио суларсан энэ үед олгож байгаа юм шүү. Салбар салбарын гавшгайчид, хөдөлмөрийн манлайлагчид энд цугласан байна. Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд хөдөлмөр бүтээлээр дүүрэн байх болтугай" гэлээ. Шагнал гардаж авсан зарим хүмүүсээс сэтгэгдэлийг нь сонслоо.

“Х-Түц” продакшны захирал,  Монгол Улсын гавьяат жүжигчин Ж Н.Онон

-Сэтгэгдэл  маш өндөр байна. 1989 онд анх мэргэжлийн урлагийн байгууллагад орсноос хойш 31  жил  өнгөрчээ. Урлагт  хөтлөн оруулсан н.Доржсамбуу, н.Сугар багш нартаа маш их баярлаж явдаг юм. Мөн  хошин урлагийн салбарт ороход тусалж дэмжсэн МУГЖ Б.Батзаяа ахдаа маш их баярлалаа. Тэнгэрээс харж байгаа аавдаа мөргөе. Хэнтий аймгийн Батширээт сумын нутгийн зон олон,  намайг дэмждэг ард түмэндээ маш их баярлалаа. Миний амьдралын  салшгүй нэг хэсэг болсон “Х-Түц” продакшны хамт олондоо баярлалаа. Шагнал авах тухай баасан гарагийн орой мэдэгдэж, Ерөнхийлөгчийн тамгын газраас утсаар ярьсан. "Х-Түц” продакшнаас тав дахь гавьяат төрлөө.

 

 

 

“Маск” продакшны жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Мөнхсайхан

-Өнгөрсөн бямба гарагт МУГЖ болох гэж байгаагаа сонсоод сэтгэл маш их хөдөлсөн.  Анх 1992 оноос хойш тайзтай ажил амьдралаа холбож, өнөөдөр аль хэдийнэ 27 жил  болжээ. Өнөөдөр төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээж буй сайхан  өдөр  байна. Үзэгч түмэндээ баярлалаа.

 

 

Монгол Улсын ардын багш Х.Намшир 

-Энэ сайхан шагнал авсандаа маш их баярлаж байна. Хариуд нь юу бүтээдэг юм билээ гэж бодож байна. Хүнд загаагүй барилдааны нэг нарийн арга байгаа. Түүнийгээ залуу бөхчүүдэд зааж сургах юмсан гэж бодлоо. Надтай хамт ажиллаж байсан хамт олондоо, шавь нартаа баярлалаа.

 

 

 

“Эрчмийн Ундраа”  компанийн инженер Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Зоригт

-Эрчим хүчний салбарт хагас зуун жил  шахуу ажилласан миний хичээл зүтгэлийг  төр засгаас үнэлсэнд баяртай байна. Эрчим хүчний ажилтан  гэдэг бол хамгийн сайхан  гэгээлэг мэргэжил. Үүний дотор төрийн ордны цахилгааны найдвартай ажиллагааг хангах ажлыг гардан хийсэн хүн л дээ. Өнөөдөр ордон дотроо энэ хүндтэй шагналыг гардан авлаа. Миний хувьд гайхамшигтай үйл явдал. Эрчим хүчний салбарт ажиллах хугацаандаа монгол орныхоо  бүх сумыг эрчим хүчинд холбож,  гурван жилийн өмнө хамгийн  сүүлчийнх болох Хатанбулаг, Мандах суманд цахилгаанаар  хангалаа. Та бүхэндээ баярлалаа.

 

МҮОНРТ-ийн хөтлөгч,  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Баярмаа

-Төрийн минь сүлд өршөө. Мэргэжлийн нэвтрүүлэгч байх гэж 30 жил хичээж явна. Үүнийг төр маань үнэлсэнд баяртай байна. Энэ зам мөрт хөтөлж оруулсан н.Батцэрэн багшдаа гялаалаа. Мөн найдвартай ар тал болж байдаг гэр бүл,  ахан дүүстээ баярлалаа. Нэвтрүүлэгчийн амьдралыг амилуулсан  үе  үеийн хамт олон, найз нөхөддөө баярлалаа. Надад амьдрал бэлэглэсэн аав, ээждээ баярлалаа. Хамгийн чухал нь намайг 30 жил сонсож буй үе үеийн үзэгч, сонсогчиддоо мэхийн ёсолмоор байна.

 

 

 

 

Монголын байт харвааны холбооны дэргэдэг өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Н.Дариймаа

- Би спортын салбарт 40 гаруй жил ажилласан байт харвааны дасгалжуулагч хүн. Төр засгаас байт харвааны спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн хөдөлмөр зүтгэлийг минь өндрөөр үнэлж,  ивээлээ хайрласанд баярлалаа. Шавь нартаа,  түмэн олондоо баярлалаа. Алтан нум, мөнгөн сум,  зүлэгт ногоон дэвжээний минь буян хишиг дэлгэрэх болтугай.