ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн 208 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймгийн 208 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Булган аймгаас энэ жил “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, Хоёрдугаар зэргийн одонг 186 ээж тус тус хүртэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга одон гардуулах үеэрээ “Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийг зөв хандлагатай, эерэг сэтгэлгээтэй, чадварлаг боловсон хүчин болгон өсгөн хүмүүжүүлж буй ЭЭЖ нарын нөр их зүтгэл, хөдөлмөрийг монголын төр өндрөөр үнэлж ирсэн.

Үүний бодит илэрхийлэл болгож, жил бүр төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм. Энэ бол бидний сайхан уламжлал.

Энэ жил цар тахлын улмаас “Эхийн алдар” одонг цаг хугацаанд нь гардуулж чадаагүй ч засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн.

Өнөөдөр Булган аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одонгийн болзол хангасан 208 ээжид одонг нь гардууллаа. Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 22, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 186 ээж, тэдний гэр бүлийн хөөр баяслаас хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Ээжүүд Та нартаа халуун баяр хүргэе!

Хүн ам цөөтэй Монгол Улс хэзээнээс хүүхдийг эрхэм баялаг хэмээн үзэж, ээжүүдийг хүндэтгэн дээдэлж ирсэн. Харин ээжүүдийн нийгмийн хамгаалал, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролыг даацтай дэмжсэн бодлого үгүйлэгдэж байгаатай Та бүхэн санал нийлэх байх.

“Эхийн алдар” одон бол хүн амаа өсгөх бодлогын нэгээхэн хэсэг, эхчүүдийн хичээл зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрийг төр өндрөөр үнэлж буйн өчүүхэн илэрхийлэл билээ. Төр үүнээс ч илүүг хийх үүрэгтэй.

Эхчүүдийг дэмжиж, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлд төрийн даацтай бодлого хэрэгжүүлж, хүн бүр сэтгэлтэй ажиллах ёстой гэж үздэг. Ингэснээр монголын ирээдүй болсон багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих, эхчүүд хүүхдүүдээ сэтгэл амар өсгөн бойжуулах нөхцөлийг бүрдүүлж чадна.

Миний бие энэ чиглэлд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж ирсэн. Цаашид эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааны асуудлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байлгаж, хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой олгох ёстой гэдэг байр сууриа тууштай хадгалах болно.

Түүнчлэн ээжүүдийн үр хүүхдүүдийнхээ төлөө цаг наргүй зүтгэж буй нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг ч үнэлж урамшуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Булган аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн угаас халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.