Эрүүл мэндийн яамны ээлжит хуралдааны үеэр Гадаад харилцааны яамны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг гадаадад гацсан иргэдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сардп Франкфурт зэрэг хэд хэдэн газраас тусгай нислэгтэй байсан ч дотооддоо өвчлөл гарсантай холбогдуулан нислэгүүдийг цуцалсан.
Тэгвэл эдгээр иргэдийн эх орондоо ирэх нислэгийн тийзийг төр даах асуудлыг ярилцаж байгаа юм байна. Мөн Элчин сайдын яамдаар дамжуулан 17 улсад гацаад буй 100 гаруй иргэний мэдээллийг нэгтгэн авсан гэдгийг онцоллоо. Тэрбээр, “Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн санхүүгийн хүндрэлд орсон иргэдийнхээ зардлыг даах байдлаар эх оронд нь авчирсан. Тухайлбал, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаатай 2.1 тэрбум төгрөг зарцуулсан” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар гадны улс орнуудаас буцах хүсэлт гаргасан иргэдийн тоо 2154-т хүрээд байгаа аж. Тухайлбал, Европоос 647, Азиас 1113, Австралиас 95, Африкаас 4, Америкаас 295 иргэн тус тус нэн яаралтай нутаг буцах хүсэлт гаргажээ. Тиймээс ойрын хугацаанд 2-3 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд нэн тэргүүнд өнгөрөгч арваннэгдүгээр сард тийз захиалсан ч нислэг нь цуцлагдсан иргэдээ эх оронд нь авчирна гэлээ.