ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наадмын билетийг дамлаж байгаа нь иргэдийг бухимдуулж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-07

Үндэсний Их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдаалахаар болсон билээ. Тодруулбал, “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Зургаан буудлын Оргил төв” дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан өнөөдрөөс борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан юм.

Наадмыг төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэж буй. Өөрөөр хэлбэл, наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байх юм. Үнийн хувьд 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр тасалбар өгөх юм байна.

Дашрамд дуулгахад, тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон мэдэгдсэн билээ. Тэгвэл наадмын билетийн очер дараалал, дамлаж худалдаж буй асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Зарим иргэд тасалбар авахын тулд хонож өнжин очерлож байхад нэг билетийг 60, 80 мянган төгрөгөөр дамлан борлуулж байна гэв.