ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Авлига нь Монголд соёл болж, тогтоод байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-11

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Л.Энх-Амгалан: Төрийн албан хаагчид өргөс шиг, хувалз шиг байж болохгүй

/УИХ-ын гишүүн/

-Авлига нь Монголд соёл болж, тогтоод байна. Тиймээс авлига буурахгүй байна. Түүнчлэн төрийн албан хаагчид өргөс шиг, хувалз шиг байж болохгүй. Эрх зүйн орчныг нь яаж сайжруулах вэ. УИХ-аас авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хаана байна. Авлигын индексээр бид өнөөдөр урагшлах биш улам   ухарч байна. Авлигын индекс манайд буурахгүй байна. Асуудал чинь энэ юм биш үү. Авлига монголчуудын муухай соёлыг тогтоож, хэвшүүлж байна.

Х.Нямбаатар: Цаашид гэрээ хэлцэл нотариатаар биш цахим гарын үсгээр явна

/Хууль зүй, дотоод хэргийн сайд/

-Бид авлигатай тэмцэх асуудлыг үргэлж, ярьж хэлж ирсэн. Авлигыг үгүй хийхэд цахим шилжилтэд шилжсэн. Тиймээс  сэргийлж чадна гэж бодож байна. Компьютер цахимжсанаар үгүй болно  гэж үзэж байна. Авлигын үнэлгээ өгдөг байгууллагуудын дүгнэлт гардаг. Манайд авлига гардаг хэд хэдэн  хүчин зүйл бий.  Тухайлбал, нэгдүгээрт хууль, хоёрдугаарт  гааль, дөрөвдүгээрт  татварын алба  нэрлэгддэг. Бид Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон шүү дээ. Ирэх жил иргэн бүр цахим гарын үсэгтэй болох ажлыг эхлүүлнэ. Цаашид иргэд хоорондын гэрээ хэлцэл  заавал нотариатаар биш цахим гарын үсгээр явна.

Л.Мөнхбаатар: Засгийн газрын чиг үүрэг нь дутагдалтай байна

/УИХ-ын гишүүн/

-АТГ-ын дарга, дэд даргын УИХ-аас хоёуланг нь томилодог зохицуулалттай байсан. Хууль зүй, дотоод хэргийн  яам, Засгийн газраас дэд даргыг дарга нь томилдог асуудлыг оруулж ирж байна. Би дэмжиж байгаа. УИХ-аас дарга, дэд даргыг томилдог. Цаашид ХЗДХ-ийн сайд цаашид зарчмын хүрээнд ийм жишиг явуулах ёстой.  Авлигатай тэмцэх газрын чиг үүргийн асуудлыг удаа дараа ярьсан. Нийгмийн хэв журмыг хангах, урдчилсан сэргийлэх ажил Засгийн газрын чиг үүрэг нь дутагдалтай байна.

 

Ц.Сэргэлэн:Шийдвэрийг зөвхөн дарга нь гаргаж, эргээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой 

/УИХ-ын гишүүн/

-Энэ асуудлыг дэмжиж байна. Энэ асуудал бол АТГ-ын өөрийнх нь онцлогоос урган гарч ирж байгаа гэж харж байна. Төрийн тусгай албанд захирах, захирагдах ёс үйлчлэх ёстой. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх шийдвэрийг зөвхөн дарга гаргадаг. Дарга гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Эцсийн хариуцлагыг дэд дарга хүлээдэггүй.  Мөн  АТГ хуульд заасан үндэслэлээр зэвсэг хэрэглэдэг онцгой эрхтэй. Хэдийгээр гэмт хэрэгтэн гэм буруутай нь тогтоогдоогүй байсан ч хүний амь насны эсрэг зэвсэг хэрэглэнэ гэдэг туйлын хариуцлагатай хандах асуудал. Ийм онцгой эрхтэй байгууллыг хувьд дарга нь хоёр талаас томилогддог байж болохгүй. Энэ нь байгууллагын дотоодод сөрөг нөлөө үзүүлдэг, үл итгэх байдал, талцал хуваагдал үүсгэдэг. Ийм байдал төрийн тусгай албанд байж болохгүй. Шүүхээр оруулалгүйгээр хүний амь насны эсрэг зэвсэг хэрэглэх онцгой эрхтэй байгууллагын шийдвэрийг зөвхөн дарга нь гаргаж, эргээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой.