ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Тэнүүн-Огоо" ХХК-ий жолооч нараас болж, хөл хориог дахин сунгах вий

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-30

Бүх нийтээрээ хөл хорионд орж, хотоос хэн ч гарч, орохгүй гэсэн хатуу дэглэм мөрдөгдөж, 22-ын товчооны цаана том танилгүй нэгэн эмэгтэй амиа алдсан хэрэг гараад удаагүй байна.

Гэтэл дарга цэрэг таньдаг нь аймаг дамжин загасанд явснаас болж, таван сайхан залуу алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг ямар шатандаа яваа, залуус юуны учир амиа алдсан, тэднийг хөл хорионы цагаар хэн хотоос гаргасан бэ гэдэг нь ч тодорхой бус дарагдаад өнгөрч байна.

Тэгвэл хөл хориог дахин сунгачихсан байхад ажлынхнаараа салхинд гарч, бүр архидан согтуурснаас болж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолоочоос эхлэлтэй дахин нэг шинэ голомт үүсэх нь тодорхой болов. Тодруулбал, ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад амиа алдсан иргэн вирусээр өвчилсөн гэдгийг мэдээгүйгээс ар гэрийнхэн нь оршуулгад оролцож, тэндээс цөөнгүй хүмүүс өвдсөн.

Тэдний нэг нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч байсан бөгөөд оршуулганд оролцсоны дараа 20-24-ний хооронд ажилдаа явж, мөн ажлынхаа газрын 10 гаруй жолоочтой хамт Улиастай чиглэлд салхинд гарчээ. Энэ асуудлыг удирдлагууд нь мэдээгүй байсан хэмээн ярьж байгаа гэх.

Тэдгээр жолооч нар пиво авч яван нэг аягаар дамжуулан ууснаас болж, дахин хоёр жолоочийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ мэдээллийг Эрүүл мэндийн яам албажуулав. Мөн жолоочийн аав, ээж эхнэр нь ч өвдсөн гэх мэдээлэл гарч байна. Хэрвээ энэ үнэн бол жолоочийг яагаад тусгаарлаагүй, 10 жолооч нь архи согтууруулах ундаа хэрэглээд явж байхад удирдлага нь яагаад чимээгүй байсан зэрэг олон асуулт хариулт нэхсэн хэвээр үлдэх нь ээ. Хөл хорионы үед хамт олноороо архидан согтуурч явсан тэдэнд хүлээлгэх хариуцлагын асуудал ч яригдах ёстой юм.