ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шилдэг ажилтан Т.Батцэцэг: Амгалан тайван, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийн төлөө зүтгэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-31

НЗДТГ-аас салбар бүрийн Хөдөлмөрийн аваргыг жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жил цар тахал, хорио цээрийн дэглэмтэй байгаа учир Хотын дарга Д.Сумъяабазар  Хөдөлмөрийн аварга болон салбартаа манлайлж, "Шилдэг ажилтан" болсон нэр бүхий хүмүүст ажил үүргээ гүйцэтгээд явж байхад нь өөрийн биеэр шагналыг нь гардуулж өгсөн юм. Тэдний нэг нь салбарынхаа шилдэг ажилтан болсон Хот тохижилтын газар зам талбайн үйлчлэгч ажилтай Төмөрийн Батцэцэг билээ. Тэрбээр, “Буянт-Ухаа-2” хотхонд түрээслээд өмчлөх эрхтэй хоёр өрөө орон сууцаар шагнуулав. Түүнтэй утсаар холбогдон баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Ажил үйлс өндөр үү. Dardas.mn сайтаас холбогдож байгаа юм. Таны баярын сэтгэгдлийг сонсож болох уу?

-Сайн сайн байна уу. Ажил өндөр. Яг одоо ажлаа хийгээд л явж байна. Тэгэлгүй яахав.

-Гадаа их хүйтэн байна шүү. Та дулаан хувцасаа өмссөн биз дээ. Түүнээс гадна танд салбарынхаа болон нийслэлийн шилдэг ажилтнаар тодорч, хоёр өрөө байраар шагнуулсанд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Хөл газар хүрэхгүй, хөөр баяр ихтэй байна. Хотын даргаас шагналаа гардаж авахдаа баярлаж, тулгамдаад хэлэх үг үнэхээр олдохгүй байсан. Гадаа ажлаа хийгээд явж байсан учир уйлах, баярлах хоёр зэрэгцээд л зогсож байлаа. Намайг үргэлж дэмждэг ар гэрийнхэндээ, байгууллагынхаа хамт олон, удирдлагууддаа, найз нөхөд, ах дүү хамаатан саданд та бүхэндээ маш их баярлалаа. Төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, онцгой цаг үед хамгийн том шагналыг хүртсэндээ хязгааргүй их баярлаж байна даа. Илүү их хичээх ёстойг, ажлаа нэр төртэй хийх учиртайг энэ шагнал надад сануулж байна. Хотын даргадаа ч мөн баярлалаа. Маш их сэтгэл хөдөлсөн.

-Ар гэрийнхэнд тань ч гэсэн гэнэтийн бэлэг болж чадсан байх?

-Тэгэлгүй яах вэ дээ. Нас өндөр гарсан аав минь баярлаад охиныхоо амжилтаар бахархаж уйлсан. Хүүхдүүд  маань ч бөөн хөөр болсон. Байртай боллоо, байртай боллоо гээд маш их баярласан шүү. Хэлэх үггүй болтлоо баярлах өдөр ирдэг юм байна. Олон хүн миний өмнөөс баярлаж, утсаар мэнд хүргэж байгаа. Бүгдэд нь баярлалаа.

-Байрандаа нүүж орсон уу?

-Орж хараахан амжаагүй л байна. Бид нэгмөсөн оны дараа нүүж орохоор төлөвлөсөн байгаа. Мөн бэлдэх ажил ч нэлээд бий.

-Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчээр хэчнээн жил ажилаж байгаа вэ?

-Миний хувьд долоо дахь жилдээ ажиллаж байна. 2013 онд анх ажилд орж байлаа. Би ажлыг хэзээ ч голж байгаагүй. Хүнд хүчир юм байна гэж шилж явсангүй. Болохоос  болохгүй хүртгэл нь  зүтгэдэг. Үүний минь хариу өнөөдөр бидэнд ирлээ гэж баярлаж байгаа.

-Түрээслээд өмчлөх нөхцөлтэй болохоор амьдралд илүү хэрэгтэй. Ямар нэгэн төлбөрийн дарамт үүсэхгүй байх гэж бодож байна?

-Тийм ээ. Сар сардаа төлбөрөө төлөөд явах юм бол асуудалгүй. Манайх ам бүл тавуулаа. Бидэнд хоёр өрөө байр  хангалттай. Би дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг өрх толгойлсон ээж. Том хүүхэд маань цахилгааны чиглэлээр Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд сурдаг. Бусад нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Тэд маань ажил, хөдөлмөрийг үнэн сэтгэлээ хийвэл үр шим нь ирдэг гэдгийг энэ бэлгэнээс харсан байх. Ээж хүний биеэр үлгэрлэж явна даа. Манай ээж мундаг шүү, та бидний бахархал гээд л намайг ойрд их магтаж байгаа /инээв/. Магтаал, талархалын үгэнд ойрд их умбаж байна.

-Танайх гэрт амьдарч байв уу, эсвэл байшинд уу?

-Аавынх, манайх хоёр хамт байдаг юм. Манайх гэрт амьдардаг. Гэр ч галлагаа сайтай бол сайхан дулаахан л байдаг шүү дээ. Гэхдээ байнгын галлагаа, арчилгаа шаардана. Байрандаа орчихоор гэр галлахгүй, шөнө өндөлзөж, босохгүй бүтэн нойртой хонох байх аа, эгч нь.

-Та аль нутгийн хүн бэ. Улаанбаатар хотод хэзээнээс суурьшив?

-Би Ховд аймгийн Булган сумын харьяат хүн. Нутаг уснаасаа гараад олон жил болж байгаа. Нутгийн зон олондоо, ах дүү хамаатан, садан минь надаас дутахааргүй их баярлаж, мэнд хүргэж залгацгааж байна. Энэ гэнэтийн бэлэг олон хүнд хүрчээ. Надтай холбогдож, баярын сэтгэгдлийг минь хуваалцаж буй та нартаа ч бас эрүүл энх аз жаргал хүсье.

-Өмнө нь байр сонирхож байв уу?

-Үгүй ээ. Төлбөр өндөртэй. Урьдчилгаа байхгүй учраас орон сууц сонирхдоггүй байснаа нуугаад яахав. Гэхдээ орон сууцанд амьдрах нууцхан мөрөөдөл байсан шүү. Хүүхдүүдийнхээ сургуулийг төгсгөчихвөл болох байх л гэж боддог байсан. Гэвч хамт олон, төрийнхөө буянаар сайхан гэр оронтой болсондоо баяртай явна. Төрийнхөө төлөө, түмнийхээ амгалан тайван, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийн төлөө зүтгэнэ дээ.

-Цар тахалтай, хорио цээртэй байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ хэр сахиж байна вэ. Биеэ бодоорой. Та бүхэндээ монголчууд маш их баярлаж байгаа шүү?

-Бид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж байгаа. Хувцас, бээлий, малгайгаа сайтар өмсөж, ажлын багаж, хэрэгслээ сайн авч явж байна. Өөрсдөө халдвар авчихгүй, бусдад халдаахгүйн байхын тулд маскаа сайн зүүж байна. Гэртээ хариад халуун юм их ууж, содатой усаар ам хамраа угааж байна даа. Хийж, дадсан ажил учраас хүнд санагдахаа байжээ.

Жилийн дөрвөн улиралд л хөдөлмөрлөж, зүтгэж байдаг болохоор ядрахыг мартчихдаг юм. Сүүлийн жилүүдэд ажлын багаж, хэрэгсэл, төрөөс тавьж буй хангамж, ажлын нөхцөл илүү дээрдсэн. Тэгээд ч нийгмийнхээ, нийслэлийнхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаа болохоор халширч суухыг мартсан байна. Хөдөөний эгэл боргил амьдралыг мэдэх учир ажлын хүнд гэж огт боддоггүй. Зүтгээд л, зүтгээд л байдаг хүн. Мөн хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ингэхээс ч өөр аргагүй. Миний хувьд сайхан байртай болчихлоо. Одоо энэ өвчнийг аюул багатай давчихвал хүүхдүүдээ Их, дээд сургууль төгсгөх мөрөөдлийнхөө зүтгэнэ дээ. Хамгийн чухал нь эрүүл энх байх л чухал юм байна.

-Та монголчуудад хандаж юу хэлэх вэ?

-Ямар ч ажлыг бүү гол. Хамгийн чухал нь  чин сэтгэлээ хандаж, хийвэл хэзээ нэгэн цагт үр шим нь ирдэг юм байна шүү. Бидний баярыг хуваалцаж суугаа хүн бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье. Та бүхэн минь эрүүл энх байгаарай. Аюулт өвчнийг хамтдаа эрсдэл багатай даван туулцгаая. Мөн шинэ оны халуун мэндийг хүргэж байна. Айл бүхэн аз жаргалтай, эрүүл энх байж, шинэ ондоо илүү их эрч хүчээр цэнэглэгдээрэй гэж хүсье.