ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Дэмбэрэл: Дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-12

Нийслэл хот болон Хөвсгөл, Эрдэнэт,  Булган зэрэг аймгуудыг зарим хэсгээр хүчтэй газар хөдлөлт болсон  билээ. Тэгвэл газар хөдлөлт болон түүнтэй холбоотой дүгнэлтийн талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийлээ. Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж богино хугацаанд таамаглах нь дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг бөгөөд өнөөдөр дэлхийн ямар ч эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллага хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглах хэмжээнд хүрээгүй.  Харин газар хөдлөлт болсон үед аюулыг амжиж анхааруулах олон улсын технологийг зөвшөөрсөн арга байдаг талаар  ШУА-ийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл тайлбарлалаа. 

Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт 1991  онд болж байжээ. Харин УБ-ын эргэн тойронд 3 голомт байдаг бөгөөд Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс, Булган, Сэлэнгийн Бүтээлийн нурууны голомтууд тус тус байдаг гэлээ. 

Харин иргэдийн дунд хүчтэй газар хөдлөлт болж байхад дуут дохиолол дугарсангүй гэдэг асуудал үүсч буй. Тэгвэл энэ талаар хэлэхдээ,

"Дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй. Дуут дохиоллын системийг газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. 2020 онд амжиж анхааруулах систем хэр зөв ажиллаж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид ОБЕГ-тай хамтран шалгасан. Өөрөөр хэлбэл систем хэвийн ажиллаж байгаа" гэлээ. 

Хүчтэй газар хөдлөлт болсны гол шалтгаан нь газрын хэвлийд их хэмжээний энерги хуримтлагдан, тэр энерги чөлөөлөгдөж, газрын хэвлийд тархах үзэгдэл гэж тайлбарлаж байгаа юм.  Мөн барилга байгууламжийн  онцлогоос хамаарч газар хөдлөлтийн чичирхийлэл харилцан адилгүй байдаг аж. Тодруулбал, тухайн газрын хөрс, барилгын хийц, материал үүнд ихээхэн нөлөөтэй гэв.