ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Цогтгэрэл: Төр дата мэдээллээ худалдаж, орлого олох боломжтой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-26

УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар өнөөдөр /01.26/ мэдээлэл хийлээ.

Уг хуулийн төслийг өргөн барьсан үндсэн санаа нь төрд цуглаж буй асар их дата мэдээллийг арилжааны чиглэлээр гаргах болох тухай асуудлыг тусгажээ. Тэрбээр, энэ талаар ярихдаа “Төрд маш олон төрлийн дата мэдээлэл цуглаж байгаа. Эдгээрийг арилжааны зориулалтаар гаргадаг эрхзүйн орчин байхгүй.

Тэгэхээр үүнийг хувь хүн, байгууллага, улсын нууцтай холбоотой хэсгийг үлдээгээд бусдыг нь арилжааны зориулалтаар гаргаснаар шинэ бизнес, старт-апууд албан ёсны дата майнинг буюу түүхий эдтэй болно. Улмаар, төр албан ёсны орлого олох, төсөвт төвлөрүүлэх боломжтой болно. Яг одоо янз бүрийн сувгаар төрд байгаа төрийн мэдээллийг авдаг болчихсон.

Статистик, гааль, НӨАТ зэрэг мэдээлэл ил тод бий. Нөгөөтээгүүр, коронавирусийн цар тахлын үед ямар ч мэдээлэлгүй, бэлтгэлгүй байж байгаад хөл хорио, зайн харилцаанд орчихлоо.  Хуулийн төсөл батлагдвал дахиад зайнаас ажиллах, дижиталчлагдах зэрэгт ахиц дэвшил гарна. Мэдээж иргэдээс хувь хүний мэдээллийг арилжааны зорилгоор арилжаалж болох уу гэдэг асуулт гарна. Үүнийг ч гэсэн зохицуулах хэрэгтэй. Засгийн газраас Өгөгдөл хамгаалах тухай хууль, Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийг яаралтайгаар өргөн барьж буй юм билээ. Бараг анх удаа төсөвт өөрийн сайн дураар орлого олох боломжтой хуулийн төсөл гэж ойлгож болно” хэмээлээ.

Орчин үед янз бүрийн аппликейшн хөгжүүлэлтэд ч дата мэдээлэл маш чухал болоод байгаа юм. Тухайлбал, НӨАТ-ын системээр гэхэд л Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ямар бараа материал хамгийн их эрэлт хэрэгцээтэй, зарагдаж буй тухай нэгдсэн мэдээллийг авах боломжтой бөгөөд энэ мэдээллээ бизнесмэнүүдэд зарснаар төсөвт орлого орж ирэх боломж нээгдэнэ гэж үзсэн гэв.