ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

37 хүнээс халдвар илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-31

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11202  хэдэн хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 37 хүнээс халдвар илэрлээ. Дээрх тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын давтан шинжилгээ, шинээр илэрсэн хавьтлын шинжилгээнүүд, шинжилгээний цэгүүдээр сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн. Улаанбаатар хотод халдварын  батлагдсан тохиолдол 945, улсын хэмжээнд 1779 боллоо. ХӨСҮТ-ээс 22 хүн эдгэрч, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Эмчлэгдэж байгаа 433 хүнээс биеийн байдал хөнгөн 366, хүндэвтэр 65, хүнд 1, маш хүнд 1 хүн байна. Нийслэлд халдварын голомт нэмэгдэх хандлагатай байна. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт 28 халдварын голомт үүссэн. Үүнээс маш том цар хүрээний есөн голомт хумигдсан бол одоогоор 7  голомт идэвхжил нь буурсан боловч үргэлжлэн 1-2 тохиолдол гарч байна. 2021 оны нэгдүгээр сарын 25-наас хойш үүссэн 13 том голомт идэвхтэй байна. Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж байна. Энэ голомтоос 20 хүн халдвар авсан. Баянзүрх дүүргийн Х апартментын СӨХ-тэй холбоотой халдварын голомтоос 11 хүн өвчилсөн. Сүхбаатар дүүргийн GB plaza-д байрладаг банк бус санхүүгийн байгууллагын голомт маш идэвхтэй байна. Эндээс сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол бүртгэгдсэн. Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүнээс халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар  хороо, Баянгол дүүргийн 12 дугаар  хороо, Баянзүрх дүүргийн 5 хорооны 6 дугаар байрны голомтууд идэвхтэй үргэлжилж байна. Тус байрнаас 40 гаруй тохиолдол батлагдсан. “Mixx” пиццатай холбоотой голомтоос 15 хүн халдвар авсан. Хүүхдийн асрамжийн газарт голомт үүсч, гурван багш хоёр, хүүхэд өвдсөн. Үлдсэн 6 хүүхэд тусгаарлагдсан. Энэ мэт голомтууд идэвхтэй үргэлжилж байна. Голомтын хүрээ тэлж, иргэдийн дунд хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Дорноговь аймгийн тухайд нийслэлээс халдвар зөөвөрлөгдөн очсон учраас ХӨСҮТ-д тухайн хүнийг эмчилнэ. Хамт явсан хавьтал болсон 20 гаруй хүнээс халдвар илрээгүй. Мөн өчигдөр нэгдүгээр төрөх буюу "Өргөө" амаржих газарт жирэмсэн эмэгтэй PCR шинжилгээ өгсөн ч хариу нь гарч амжаагүй байхад өвдөж төрсөн. Шинжилгээний хариу гарч, тухайн ээж халдвартай болох нь тогтоогдсон. Тухайн эх, нярайг "Өргөө" амаржих газарт тусгаарласан. Хийсвэр хагалгаагаар төрсөн учраас өвчтөний биеийн байдлыг тогтворжихыг харж байна. Хавьтал болсон хүмүүсийг  тусгаарласан.