Иргэний нийгмийн байгууллагууд болон ард түмний төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар “PARKVIEW” хотхоны 752 дугаар байрны дугаар тоотод цуглаж биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нь нийгмийн сүлжээнд цацагдаж олны анхаарлыг татсан.
Тэдний биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй бичлэг болон хэрэг нь прокурорын газар шалгагдаж байгаа юм.
Шүүгчдийн уг ёс зүйгүй үйлдэлд хэн ч тайлбар өгөөгүй, хэн ч хариуцлага ярихгүй байгаа учир тайлбар шаардан ийнхүү жагсаж байгаа аж. Мөн АТГ-ын ажилчид, ЕТГ-тай ойр ажилладаг хүмүүс уулзсан нь хэрэг шийдвэрлэдэг ямар нэг хонгил байна уу үгүй юу гэсэн хардлагыг төрүүлж байгаа гэдгийг жагсагчид хэлж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижирээр дамжуулж Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлжээ.