ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

И.Мөнхжаргал: АН-ын даргын сонгууль хойшлоогүй, энэ сарын 28-ндаа болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-16

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал олон нийтийн сүлжээнд явж буй ташаа мэдээлэлтэй холбогдуулан шуурхай хурал зарлаж, мэдээлэл өглөө. Ардчилсан намын даргын сунгаа өчигдрөөс албан ёсоор эхэлж, орон нутгийн гишүүд дэмжигчидтэйгээ онлайн уулзалт хийж эхэлсэн.

Гэтэл АН-ын гишүүдийн групп зэрэг олон нийтийн сүлжээнд “Энэ сарын 17-ны өдөр АН-ын дунд шатны дарга, ҮБХ-ны гишүүдийн дунд цахим сонгууль явна. Мөн АН-ын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 27-ны өдөр явна” гэсэн ташаа мэдээлэл явж эхэлсэн учраас залруулга хийж байна гэлээ.

Өөрөөр хэлбэл, намын даргын сунгаа өчигдрөөс эхлэн албан ёсоор явагдаж, энэ сарын 28-ны өдөр даргаа сонгох учраас Н.Цэрэнбат гэж хүний нэртэй очиж буй энэ сарын 17-нд цахим сонгууль болно, намын даргын сунгаа хойшилсон гэх мэдээлэлд автахгүй байхыг сануулав.  

И.Мөнхжаргал дарга хэлэхдээ “Намын Дотоод сонгуулийн хорооноос зарласан АН-ын дараагийн даргыг сонгох сонгуульдаа гишүүд та бүхэн идэвхтэй оролцоорой. АН-ын дарга асан С.Эрдэнэ гэж хүн УИХ дахь гишүүдтэйгээ ойлголцолд хүрсэн үү гэдгийг сэтгүүлчид их асууж байгаа. Би ч хэвлэлээс авсан мэдээлэлтэй байна. Үнэхээр ойлголцолд хүрээд цаашаа явах юм бол жирийн гишүүний хувьд баяртай байх болно. Гэхдээ энэ нь ДоСХ-ноос зохион байгуулж буй Намын даргын сонгуулийн үйл ажиллагаатай огтхон ч хамааралгүй юм шүү.

Яагаад гэвэл ДоСХ АН-ын Их хурлаас байгуулагддаг, аль нэг удирдлагын нөлөө, хамааралд байдаггүй учраас энэ үйл ажиллагаа нь сонгуулийг товлон зарласан болон кампанит ажилд нөлөөлөхгүй гэдгийг мэдэгдэж байна. Бүртгэх хугацаа зарласан, сурталчилгааны ажил эхэлчихсэн учраас тов хойшлогдохгүй. Сонгуулийн байгууллага нэг л учраас дүрмийн бус үйлдэл хэзээ ч хийхгүй” гэв.

Намын даргын сунгаанд зориулан 1.1 тэрбумын санхүүжилт гаргана гэсэн урьдчилсан тооцоолол гарсан нь жирийн гишүүд дэмжигчдийн бухимдлыг төрүүлсэн удаатай. Тэгвэл цар тахалтай цаг үед уулзалт өргөн хүрээнд хийгдэхгүй учраас зардлаа танаж, нэр дэвшигчид тухай бүр гарсан зардлаа өөрсдөө санхүүжүүлэх байдлаар явах ёстой гэсэн чиглэлийг ДоСХ-ноос өгсөн гэдгийг И.Мөнхжаргал дарга сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ онцлов.