Засгийн газраас одоогоос дөрвөн жилийн өмнө E-mongolia төслийг санаачлан эхлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар хариуцаж байсан билээ. Төрийн хүнд суртал, иргэдээс олон бичиг баримт шаарддаг асуудлыг цэгцлэх хүрээнд 23 байгууллагын 180 гаруй үйлчилгээг төвлөрүүлж, цахим хэлбэрт шилжих уриалгыг дэвшүүлжээ. Энэхүү санаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ажлаа авсныхаа дараа дахин, дахин илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, "Төр өөрт байдаг мэдээллээ иргэдээс шаардахгүй. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, шинэ технологи нэвтрүүлнэ" гэж мэдэгдэж байсан юм.
Тэгвэл энэхүү төслийг олон нийтэд хүргэх сурталчилгаа, иргэдийн судалгаа, хоол, халуун сав, повер банк, брошур зэрэгт нийтдээ 2020 оны 10 дугаар сараас мөн оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд тэрбум, 189 сая, 483 мянган төгрөгийг зарцуулжээ. Ердөө хоёр сар гаруйн хугацаанд тэрбум гаруй төгрөгийг салхинд хийсгэсэн талаар "ulsturch.mn" сайт анхлан мэдээллээ. Гэтэл Монгол Улс цар тахалтай тэмцэж, төрийн бүхий л байгууллага үргүй зардлаа танаж, бүсээ чангалах даалгаврыг Засгийн газраас үүрэгдсэн байдаг. 43 дугаар тогтоол гэгчийг ч батлаад байгаа.
Энэ хүрээнд олон байгууллага хичээж, зүтгэж байна. Гэтэл ганцхан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар төрийн мөнгийг үргүй зарж, хоол, халуун сав, повер банк зэрэг хэрэггүй зүйлд зарцуулсан байх юм. Тэгэхээр төрөөс гаргасан шийдвэр ЗГХЭГ-ын дарга одоогийн Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ-ий туслахаар ажиллаж байгаад албан тушаал ахиж дарга болсон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.БОЛОР-ЭРДЭНЭ гэгчид хамаагүй гэсэн үг үү.