Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Бид гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа. Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр ирэх сарын 5-н хүртэл улбар шар түвшиндээ байхаар шийдлээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, зөвлөгөө гаргана. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад цаг болон үйл ажиллагаанд зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж биелүүлэх тал дээр хаа, хаанаа анхаарч ажиллах, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл гаргахгүй байхаар зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргахаар шийдвэрлэлээ.
Маргааш энэхүү шийдвэрээ Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзлээ” гэсэн юм.