УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ. Түүнд, шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг ТАВ жилийн хугацаагаар хасаж, ГУРВАН жил хорих ял оногдуулсан билээ.
Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан 950 сая төгрөгийн зээлийг эхнэрийнхээ нэр дээрх “Монгол шаазан” компаниараа дамжуулж авсан байдаг.
Өөрийн хамаарал бүхий компанид урт хугацаатай хөнгөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтрагчаар оролцсон гэм буруутай гэж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байдаг.
2016-2020 онд МАН-аас сонгогдон ажиллаж байсан 50 гаруй гишүүн ЖДҮХС-гаас зээл авч, иргэд аж ахуйн нэгжийн боломжийг хулгайлж байсан. Энэхүү хэрэгт холбогдсон цөөхөн хэдэн гишүүн хууль хяналтын байгууллагаар шалгуулж, тогтоолгосон. Харин бусад нь зээлээ эргэн төлсөн, ард түмнээсээ уучлалт гуйсан гэх нэрийдлээр дахин нэр дэвших эрхээ өвөртлөн авсан билээ. Тэгвэл улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан ганцхан хүн нь Г.Солтан байсан учраас түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж уучлал үзүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд Наурызын баяраар нийтдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн 11 казах ээж, 11 казах иргэнд уучлал үзүүлсний нэг нь Г.Солтан юм байна.