ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Монгол цэргүүд зэвсэгт дээрэмчдэд барьцаалагдсан иргэдийн амийг аварчээ

O.Admin
2021-04-02

ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан өнгөрсөн сарын 30-ны өдөр Афганистаны зургаан цэргийн алба хаагчийн амь насыг аврахад онцгой гавьяа байгуулж, дэлхийн орнуудын мөрдэс нэгт нөхдөөс нь талархал дэвшүүлсээр байна.

Тэгвэл Монгол Улсын энхийг сахиулагчдын баатарлаг гавьяа үүгээр зогсохгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид орон нутгийн зэвсэглэсэн дээрэмчдэд барьцаалагдсан энгийн иргэдийг аварсан тухай мэдээ ирлээ.

Тодруулбал, “Юнити” секторын Маёом сууринаас Бентью суурины чиглэлд 2021 оны 03 сарын 31-ний өдөр түлш тээвэрлэж явсан НҮБ-ын түлшний гэрээт байгууллага болох “Тристарт” компанийн ажилчид болох Кени улсын 2 иргэнийг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн орон нутгийнхаа хууль бус шалган дээр саатуулан эд зүйлсийг нь дээрэмдэж, улмаар гурван хоногийн туршид хорьж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн юм.

Харин энэ үед НҮБ-ын мандатаар заагдсан холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, зэвсэгт бүлэглэлийн этгээдүүдтэй хоёр талын уулзалт зохион байгуулж, ярилцсаны дүнд хоёр иргэний амь насыг аварч чадсан байна. Тухайн иргэд биедээ ил харагдах шарх авсан байсан учир Монгол цэргүүд цаг алдалгүй ажиллаж, уулзалтаа түргэтгэж, яаралтай суллаж авсан байна.

Барьцаалагдсан иргэдийн амь насыг зэвсэгт дээрэмчдээс аварч, НҮБ-ын эд хөрөнгийг хамгаалсан Монгол Улсын энхийг сахиулагчдад НҮБ-ын “UNMISS” ажиллагааны удирдлагууд, секторын штаб болон “Тристарт” компанийн удирдлагууд талархал илэрхийлж, “Хэрэв монгол цэргүүд тэднийг авраагүй бол үүсэх эрсдэл, аюул нь маш их байлаа. Баярлалаа, Монгол Улсын эрэлхэг дайчдад” хэмээн онцолжээ.