Энэ сарын 08-ны өдөр буюу өчигдөр 18.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставт харуулд гарч байсан Ховд, Орхон аймгийн харьяат хоёр цэрэг харуулын даргаа буудан хөнөөж, 47 байлдааны сумтай буу авч, нутгийн иргэний мотоциклийг авч зугтсан онц ноцтой хэрэг гарсан билээ. Одоогоор хоёр цэргийг ууланд бүгсэн хэмээн цагдаагийн байгууллага тогтоосон бөгөөд хохирол багатай баривчлах арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ хэргийн талаар ХХЕГ-аас мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын 4 байлдагч манаанд үүрэг гүйцэтгээд хилийн харуул дээр ирэх явцад хэрэг гарсан. Харуулын дарга манаагаа тосож авч буу шалгаж байрлуулдаг журмын дагуу байрлуулах үед манааны бүрэлдэхүүн урдаас нь зэвсэг хэрэглэж харуулын даргын амь насыг хөнөөгөөд харуулын байрыг орхиод явсан мэдээллийг авсан. Говь-Алтай аймгийн цагдаа болон тагнуулын байгууллага ангийн бүрэлдэхүүнтэй ажиллаж хоёр цэргийн араас мөрдөж байна. Хоёр цэрэг Алтай сумын М гэгч айлд орж мотоциклыг нь гуйж аваад явсан байна. Нарийн шалгахад хоёр цэрэг нийт 45 сумтай автомат буутай явж байгаа” хэмээлээ.
Гэмт этгээдүүд ангиас 50 гаруй км-т "Хонхор заг" гэх газар мотоциклоо орхиод, цаашаа явган явсан бөгөөд хэргийн хамжигчаар оролцоогүй хоёр цэргийн өгсөн мэдүүлгээр амиа алдсан харуулын даргын зүгээс ямар нэг дарамт шахалт байгаагүй, харин ч маш тусархаг, хүнлэг нэгэн байсан хэмээн мэдүүлжээ. Эдгээр цэргүүд өнгөрөгч аравдугаар сард цэрэгт татагдсан аж. Амиа алдсан харуулын дарга нь Ховд аймгийн харьяат бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан тус ангийн хамгийн шилдэг албан хаагч, яруу найрагч нэгэн байжээ.
Оргосон хоёр цэргийн тухайд хэрэг хийх үедээ архи согтууруулах ундаа хэрэглээгүй, радио холбоо эвдээгүй аж. Харин үлдсэн хоёр цэрэг нь биеэр очиж мэдэгдэхийг хүссэн тул 25 км газар явж анги дээр мэдээлэл өгсөн гэдгийг хэлж байсан юм.