ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САНГИЙН ЯАМ: Вакцин авах мөнгө шийдэгдээгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-20

Монгол Улс өнөөдрийн байдлаар нийтдээ 630 мянган иргэндээ вакцин хийсэн ч өдөрт бүртгэгдэж буй халдварын тархалт нь Бразил, Орос, Англи, Хятад улсын араас бичигдэж буй юм. Мөн нас баралтын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Манайх “Ковакс” хөтөлбөр, БНХАУ-ын буцалтгүй тусламж, ОХУ-ын буцалтгүй тусламж болон Азийн хөгжлийн банкны зээлээр вакцины асуудлаа шийднэ гэж мэдэгдсэн ч улс төрийн болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан вакцинжуулалт зогсож, татан авалт нь гацаанд ороод байна.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вироселл” вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдийг вакцинжуулах ажлыг энэ долоо хоногийн сүүлээс, харин “Астразенека” хийлгэсэн иргэдийг өчигдөр /04.19/-өөс эхлэн вакцинд хамруулж эхэлнэ” гэж мэдэгдсэн.

Гэвч Сангийн яамны эх сурвалж “Өдрийн сонин”-д өгсөн тодруулгадаа вакцины санхүүжилтийг шийдээгүй гэсэн тайлбар өгчээ. Тодруулбал, тус албаны эх сурвалж хэлэхдээ “Вакцинтай холбоотой мэдээллийг нэтгэж эхлээгүй байна. Өнөөдөр нэгтгэж, маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулна. Таван гэрээний 8.5 сая тун вакцины асуудал одоо яригдаж байгаа. Вакцин худалдаж авах төсвийг хаанаас гаргах вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ. Төсөв тодорхой болоогүй” хэмээжээ.

БНХАУ-ын зүгээс манай улсад 30 мянган хонины хариуд 300 мянган тун вакцин хандивлах, мөн ОХУ-аас 300 мянган тун вакцин хандивлахаас гадна, 1 сая хүн/тун вакцин зарна гэж байсан ч хойшлуулсан. Энэ нь МАН-ын даргын 100 жилийн ойд тавьсан илтгэл болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улстөржилтөөс болж хойшилсон гэх мэдээлэл байгаа ч албаныхан үгүйсгэсээр байгаа юм. Энэхүү мэдээллээс харвал энэ баасан гарагаас иргэдийн хоёрдугаар тунг хийх нь худлаа бололтой. Дашрамд дурьдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын төсөвтөө вакцин авах мөнгө суулгахыг эрх баригчдад удаа дараа сануулсан ч тэд улстөржүүлэн хүлээж авахаас татгалзсанаас үүдэн ийм нөхцөл байдалд хүрлээ.