ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өөр өнцөг: БАЯРАА ӨӨРӨӨ ШИРЭЭНЭЭС УНАСАН

O.Admin
2021-04-21

Олон жил нэг ангид /ордонд/ нэг эрх ашгийн төлөө нөхөрлөсөн хоёр найзын зам хэдхэн сарын өмнө салсан билээ. Хүүк, Женко хоёрын нөхөрлөл Монгол Улсад авлигыг дарж, дарангуйллыг устгаж, шударга ёсыг бий болгоно хэмээн итгэж байсан олон ч хүмүүсийн итгэл рүү Баяраа /Хүүк/ эхлээд ус цацчихлаа даа. “Нэг ойртуулснаа юу гэж бодоод байдаг юм” гэдэг шиг л нэг хэсэг найзалж явсныгаа юу гэж бодоо вэ хэмээн Дэлгэр /Тулга/-ийг түлхэж орхиод ганцаараа тодрох гэж оролдов, тэр.

Миний итгэлт нөхөр, найз маань хэмээн начир дээрээ найр тавьсан ч ардаа харин хутгатай явсныг нь Дэлгэр найз нь тэр олон жилийн хугацаанд мэдээгүй юм билээ. Бүх зүйлд тэр Баяраагийн төлөө л байсан гэдэг. Ангиасаа /МАН/ даваад сургуульдаа эрх мэдэлтэй /Ерөнхий сайд/ болно гэхэд нь Дэлгэр л ганцаараа дэмжсэн. Дэлгэр өөрт байсан бүх эрх мэдлээ /Ерөнхийлөгчид хуулиар олгодог байсан эрх мэдэл/ Баяраад шилжүүлж өгсөн. Сургуульдаа би “Шүдгүй арслан” шиг байна хэмээн Баяраа гомдоллоход Дэлгэр л ангийнхан, сургуулийнхандаа ад үзэгдэн байж Баярааг шүдтэй болгож өгсөн.

Ингэж сайхан дутуугаа нөхөлцөн найзалж явсан хоёр найз халат, тавчиктай нялх биетэй бүсгүйгээс болж тангараг тасарлаа. Угтаа “Би чамд хайртай” уран сайхны киногоор зүйрлэвэл тэр бүсгүй Үрлээ юмсанжээ. Тэгвэл хоёр найз зам салсан цагаас эхлэн Баяраа зөвхөн ганцаараа сургуулиа төгсөх гэж улайрлаа. Бүр сургуулийн хамгийн том дарга /Ерөнхийлөгч/ болох өрсөлдөөнд ганцаараа өрсөлдөгчгүй явах гэж улайрлаа. Үндсэн хуулийн цэц /сургуулийн багш/-ийг бүгдийг нь өөрийн талд урвуулж, Дэлгэрийг сургууль төгсгөхгүйн тулд чадлаараа хичээв. Нэгэн цагт найзалж, нэг ангид гэмгүй нөхөрлөж явсан нөхрөө нялх биетэй бүсгүйгээс болж арай л айхтар дарамталлаа. Сургуулийн бүх л муу нэртэй хулигаануудыг /Эрдэнэ, Наранбаатар, Батболд/ түүний эсрэг турхирч, зодуулах гэж үзлээ.

Гэхдээ Дэлгэр юу гэж бууж өгөх билээ. Баяраагийн энэ үйлдлийг зүгээр хараад суухыг хүсээгүй учраас сургуулийн захиргаанд түүний баримтыг хүргүүлж, сургуулиас хөөх /МАН-ыг татан буулгах/ талаар хүсэлт /захирамж/ хүргүүлжээ. Энэ үйлдэл нь Баяраагийн хувьд аянга шиг л буусан нь мэдээж. Тэр Дэлгэр намайг зодсон /Ерөнхий сайдаас огцруулсан/ гэж зөндөө гомдоллосон. Сургуулийн бүх багш нартай нийлээд /Цэц/ Дэлгэрийг зайлуулах гэж үзлээ.

Гэвч хийсэн бүх буруу зүйл нь Баяраагийн хүзүүнд яг одоо олс углачихаад байна. Товчхондоо сургуулиас хөөгдөх /намаа татан буулгах/ шалгуурыг тэр өөрөө хангажээ. БАЯРАА ӨӨРӨӨ Л ШИРЭЭНЭЭС УНАЧИХСАН.

Сургуулийн бүх сурагчдыг дарангуйлах гэж /цэрэгжүүлсэн/ гэж оролдсон. Үүнийг нь Баярааг хамгаалж гарч ирсэн сургуулийн хүүхдүүд нь /МАН-ын улстөрчид/ үгүйсгээгүй. Сургуулийн бүх багш нарыг /Цэц/ худалдан авч, дүрмийн бус тоглолт хийх гэж улайрсан. Бүх ангийн дарга нарыг өөртэйгөө адилхан /сумдын Засаг дарга нарыг цэрэгжүүлсэн/ болгох гэж улайрсан. Бас л сургуулийн хүүхдүүд /МАН-ын улстөрчид/ нь худлаа гэж хэлж чадаагүй шүү дээ. Сурагчдын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлдээ /МАН-ын мэдэгдэл/ тэд “Дэлгэрээ чи манай Баярааг яагаад байгаа юм бэ” гэж гомдол нэхсэнээс биш Дэлгэр Баярааг ийм, ийм баримтгүй зүйлээр гүтгэн гүжирдлээ гэж хамгаалж чадаагүй юм билээ.

Дүрмийн бус /Үндсэн хууль/-аар тоглолт хийснээс болж сургуулийн бүх хүүхдүүд сургуулийн багш нарт /Цэцийн гишүүд/ итгэх итгэлээ алдчихжээ. Товчхондоо, БАЯРАА ОДОО САНДАРЧ БАЙНА. Өчигдөр гэхэд л сургуулийн сурагчдын зөвлөлийг /Байнгын хороо/ яаралтай байдлаар хуралдуулж, Дэлгэрийг миний замаас үтэр түргэн холдуул хэмээн чиглэл өгчээ. Хэзээ мөдгүй Дэлгэрийг чадах гэснийхээ хариуг амсаж мэдэх нөхцөл байдал үүссэн учраас Баяраа сүүлийн сумаа тавихаар зэхэж байна. Тэр нь Дэлгэрийг үлдээх үү /Ерөнхийлөгчид импечмент/ гэдэг асуудал бөгөөд ангийн хурлыг ч ойрын үед хийх гэнэ. Гэхдээ ДЭЛГЭР ЭНЭ УДАА ААВЫГАА /Албаа өгөөд/ ДАГААД ЧИМЭЭГҮЙХЭН ХӨВСГӨЛ ЯВАХ БОЛОВ УУ ДАА.