ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмдөндөө л шээх байсан юм

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-07

Хэдхэн өдрийн өмнө 0011.... гэсэн улсын дугаартай тун ч бийлэгжүү хувцасласан нэгэн эр гудамжинд бие засаад зогсч байгаа зураг соошл орчинд тархав. Өмссөн хувцас, унасан машин нь чамин атлаа гудамжинд шээгээд зогсч байгааг нь манайхан шүүмжилж, соёлгүй бүдүүлэг арчаагүйгээр нь дуудлаа.

Түүнчлэн Монголдоо л шилдэг үйлчилгээ, соёлтой хэрэглээ, олон мянган үйлчлүүлэгчээрээ гайхуулдаг “ХААН” банкинд ээжтэйгээ хамт очерлож зогссон бяцхан хүү ч банкны бие засах газар жирийн иргэд оруулдаггүйгээс үүдэж мөн л өмдөндөө шээжээ. Мөн л соошлоор нэг банкны буруу гэлцэв. Гэвч, энэ хоёр хоёулаа бас буруутай. Ганган машинтай эр гудамжаар явахад хэзээ ч бие засах газар олдохгүй гэдгийг мэдсээр байж эсвэл машиндаа, эсвэл өмдөндөө шээх байсан юм. Харин банкинд очерлож байсан хүү ч хэдхэн цаг тэвчиж чадахгүй муу л байна.

Эсвэл памперс болтугай хийхгүй. Ерөөс байгаа орчиндоо дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй байна, монголчууд минь. Гудамжаар явж байхад нийтийн бие засах газар манайд нүдний гэм болсон. Төлбөртэй бие засах газар хайгаад ч олдохгүй. Тэр тусмаа нийслэлд ажиллаж байгаа том жижиг банкуудаас үйлчилгээ авах гэж байгаа бол том жижиггүй памперс хийнэ биз. Эсвэл шээсээ хавчиж сурмаар юм. Түгжирч явах зуур шээс хүрвэл машиндаа л ямар нэг байдлаар арга хэмжээ ав. Ер нь машиндаа  эвтэйхэн бие засахад зориулсан бүтээгдэхүүн гаргачихвал бизнесийн асар том зах зээл байгаа юм биш үү. Ерөөс монголчууд бид бага байхаасаа эцэг, эхээ дагаж банкинд дугаарлаад, шээсээ гаргалгүй тэвчиж сурсан ард түмэн. Банк гэдэг мөнгө хадгалдаг, үржүүлдэг, өөрсдөө баяждаг газар болохоор нийтийн бие засах газар барьж л лав мөнгө гарздахгүй шүү. Харин ч бизнесийн асар том орон зай бий болгож өгсөн банкныхандаа баярлах хэрэгтэй.