ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агаар, орчны бохирдлыг бууруулахад газрын гүний дулаан ашиглах технологи нэвтрүүлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-29

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VI хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлыг асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг танилцууллаа.
 

Энэ жил Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд оруулсантай холбоотойгоор сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажлыг үргэлжлүүлж байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөж, 2020 онд 621.9 мянгад хүрчээ. Нийт тээврийн хэрэгслийн олонх нь насжилт өндөртэй, угаар их ялгаруулж байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон. Иймд оношлогоо, үзлэгийн хяналтыг сайжруулах, гэрлэн дохионы удирдлагын системийг оновчтой болгохоос авахуулаад цөөнгүй ажлыг эхлүүлсэн талаар төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.


Агаар, орчны бохирдол бууруулах ажил хариуцсан нэгжүүд орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ойжуулалтыг эрчимжүүлж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэх замаар хөрсний бохирдлыг бууруулах ажлуудыг эхлүүлсэн. Тодруулбал, гэр хорооллын 1500 өрхийн жорлонг шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтыг зогсоох, зарим байршилд хориглосон тэмдэглэл байршуулах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас сүйдсэн газрыг нөхөн сэргээх, шаврын ордуудыг хотоос гаргах гэх мэт арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээрээс гадна уурын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох, гэр хороололд “Дулаалга аян” төслийг үргэлжлүүлэх, угсармал орон сууцыг дулаалах, төвлөрсөн дулаанд холбогдох ажлыг үргэлжлүүлнэ. Үүнээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд дэлхийн дэвшилтэд технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхээр туршиж байна. Төвлөрсөн дулаанд холбох боломжгүй сургууль, цэцэрлэг, гэр хорооллын айл өрхүүдийг хөрсний дулааныг ашиглан халаах технологийг туршихаар бэлтгэл хангаж байна. Газрын гүний дулаан ашиглах шинэ технологи “Асем вилла” цогцолбор, Нүхт орчмын суурьшлын бүсэд амжилттай туршигдсан тул нэвтрүүлэх бүрэн боломжтой юм. Эдгээр ажлын үр дүнд ирэх жилүүдэд агаарын бохирдол зорилтод түвшинд хүрч буурах боломжтой гэлээ. 

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга мэдээлэл авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд санал хэллээ. Тухайлбал, Төлөөлөгч С.Эрдэнэбаяр Багахангай, Багануур дүүргийн иргэд сайжруулсан түлш хэрэглэх нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй гээд, сайжруулсан түлший чанар, стандартыг сайжруулах талаар ямар ажил хийхийг тодрууллаа. Эрчим хүчний яам, холбогдох албад болон “ЖАЙКА” олон улсын төслийн багтай хамтран түлшний чанар, стандартыг сайжруулах бага оврын үйлдвэр барих талаар хэлэлцэж буйг Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө онцоллоо.