УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор, Т.Энхтүвшин нар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Дэлхий нийтээр тархсан цар тахалтай холбогдуулан иргэд сонгогчид болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас УИХ-ын гишүүдэд ирүүлсэн санал, хүсэлтэд тулгуурлан уг хуулийн төслийг судалж, Монгол Улсын Засгийн газраас болон УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн цахим системд байршуулан иргэдээс санал авсаны дагуу өнөөдөр /2021.05.04/ Улсын Их Хурлын даргад өргөн барьсан аж.
Тус хуулийн төсөл хэрэгжсэнээр ажил олгогч болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн нуруун дээрээс жил тутамд 190 гаран тэрбум төгрөгийн ачааг авч байгаа бөгөөд нөгөө талаас Засгийн газраас Улсын төсөвт тодотгол хийх, бусад сангуудын чөлөөт үлдэгдлээс нөхөх замаар зөрүүг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд явах боломжтой болох аж.
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн даатгалын шимтгэлээс ажил олгогч 1 хувь, албан журмын болон сайн дурын даатгал төлөгч 1 хувь, нийт 2 хувиар тус тус чөлөөлөх юм. Уг хуулийн төсөл 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр боловсруулжээ.