ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Одхүү: Салж одсон амьдралдаа санаа зовох бус, хүүгээ л эрүүл болгох чухал байна

O.Admin
2021-05-28

Түүнийг Баттөрийн Одхүү гэдэг. Программ хангамж, сантехникийн инженер мэргэжилтэй, ганц бие аав. Амьдралын хатуу, хөтүүг нуруундаа үүрч, амьдрал зохиогоод салсан, хүүхэдтэй бүсгүйд сэтгэл алдран, амьдралаа холбож, хүүтэй ч болж, “Одоо л амьдрал тэгширлээ. Амьдралаа илүү сайхан болгохын төлөө, хүүдээ олон боломжийг нээхийн төлөө ажиллаад байдаг хэрэг дээ” гэтэл хүү нь Монголд маш ховор, хор төлжилгүйдлийн цус багадалт (Апластическая анемия) гэдэг өвчин тусжээ. Хүүгээ өвдөхөөс өмнө тэд салж, нийлсээр байж. Харин өвчний оношийг сонсоод эхнэр нь амьдралаа бодсон уу, аль эсвэл энэ бүхнийг давах зориг зүрх байгаагүй юу, тэднийг орхин явсан байна. Б.Одхүү “Хүүгийнхээ биеийг ч асуухгүй байгаад нь хааяа гомддог ч “Бүсгүй хүн айгаа болов уу” гэж дотроо зөвтгөдөг” гэсэн юм.

 Тэрбээр мөн “Одоо надад салж одсон амьдралдаа санаа зовох бус, хүүгээ л эрүүл саруул болгох юу юунаас эрхэм, чухал байна. Дөрвөн нас дөнгөж өнгөрч яваа хүү маань өвчиндөө шаналан ёолоход, өөрөөс нь ч том зүүг бие рүү нь хатгахад өмнөөс нь би өвддөг ч болоосой гэж харамсдаг. Гэсэн ч хүү маань өнөөдрийг хүртэлх 10 сар орчмын хугацаанд өвчинтэйгөө тэмцэж, амьдралд үлдэхийн төлөө яаж тэмүүлж байгааг хараад би бууж өгөх ёсгүйгээ алхам тутамдаа ухаардаг. Хүүгийнхээ өвчнийг Монголд эмчлэгдэх боломжгүй гэдгийг сонсоход тэнгэр нурах шиг л болсон. Гэхдээ гадаадад боломж байгаа гэдгийг сонсоод сэтгэл уужирсан. Гэвч чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа маш өндөр төлбөртэй юм билээ. Хамгийн багадаа 300 сая орчим төгрөг хэрэгтэй. Ажлаас өөр илүү орлогогүй би байдаг бүхнээ зараад ч тэр их мөнгийг олж чадахгүйд хүрсэн ч итгэлээ алдахгүйг хичээн, УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд гээд уулзаагүй, хаяглаж өргөдөл бичээгүй хүн ховор. Даанч олонх нь хариу өгдөггүй юм билээ” хэмээсэн.

 

Үр хүүхдээ өвдөж, шаналахыг харах хэнд ч хатуу. Анх хүүхэдтэй болоод, анх тэр жижигхэн нүд, гар, хөл, түүнийг хуулсан мэт төрхийг хараад тэнгэрт нисчих шиг, зүүдэлж байна уу л гэж бодож байснаа Б.Одхүү хуваалцсан. Гэхдээ энэ мэдрэмжийг дагаад түүнд “Би аав байж чадах болов уу” гэх айдас дагалдаж байсан гэнэ. Тэр үед ч, өнөөдөр ч түүнд хүүдээ бүхнээ зориулах итгэл, найдвар, үхлийг сөрөх зориг, зүрх хэвээр байна.

 

 

Б.Одхүү “Хүүгийн маань онош батлагдаад 10 орчим сар болж байгаа ч би боломжтой бүхнээ зарж, хандив цуглуулаад 70 сая төгрөгтэй болсон. Харин өнгөрсөн долоо хоногоос “Амьдрал бэлэглэх 10000 төгрөг” аян зарласнаар 70 сая гаруй төгрөг цуглаж, нийт 140 сая гаруй төгрөгтэй боллоо. Энэ нь хагалгааны төлбөрийн бараг тал хувь юм. Монгол Улсын хүн ам гурван сая. Үүнээс ердөө нэг хувь буюу 30 мянган хүн л 10 мянган төгрөг өгөхөд хагалгааны төлбөр бүрдэх учраас аянаа ингэж нэрлэсэн. Тэр 30 мянган хүний нэг нь та байгаач, хүүг маань аварч, аав, хүү 2-ыг элэг бүтэн хорвоог туулахад туслаач гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Хүү маань эмч болох хүсэлтэй. Өвчнөө эдгээгээд, олон хүний амь аварсан эмч болно гэдэгт итгэдэг” хэмээн ярилаа. Уншигч таны тус аав, хүү хоёрт багадахгүй юм шүү.

Хэрэв та тэдэнд туслахыг хүсвэл 88191211, 91778181 утсаар холбогдоорой.

 

Аав Б.Одхүү 468023649 Худалдаа хөгжлийн банк,

                         5002323418 Хас банк

Эмээ Д.Чимгээ 5925033983 Хаан банк