Хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит баг, Шарын хөндий гэдэг газар алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлага 17:00 цаг өнгөрч байхад тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн юм байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хоёр км зам туулан, хэргийн газарт гурван цаг гаруй ажиллаж, дарагдсан шорооноос нь гаргаж эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь, сумын эмнэлэгт очсон даруйдаа нас баржээ.
Талийгаачид нь тус сумын Дархан багийн хоёрдугаар гудамжны нэг тоотод оршин суугч иргэн 40 настай, эрэгтэй А, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамжны оршин суугч иргэн 53 настай, эрэгтэй Д нар байжээ.