ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголчууд өөрсдөө ковидгүй зуныг хүссэнгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-14

Монголчууд өөрсдөө  ковидгүй зуныг хүссэнгүй. Бид дэлхий нийтэд цар тахал дэгдэж байхад бусад улсыг  бодвол хамаагүй их мэдээлэлтэй байлаа. Тэр хэрээрээ халдвараас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч, төрөөс шат дараалсан  бодлогуудыг авч чадсан билээ. Харин үүний хүчинд цар тахалтай хожуу нүүр тулсан гэхэд болно. Түүнчлэн  өнөөдөр вакцин дархлаажуулалтын асуудал багатай, шүүмжлэх хэдэн үгтэй сууж байгаа нь нууц биш. Төрөөс халдварыг эрсдэл багатай давах арга хэмжээг боловсруулж, хэр чадлаараа зүтгэлээ.

Тэгвэл бид бусдад тавьдаг шаардлагаа өөртөө тавьж, бусдаас нэхдэг үүрэг хариуцлагаа өөрсдөөсөө нэхэх цаг болжээ. Мэдээж ковид бол цар тахал. Хамрах хүрээ, халдварлах чадвараараа хэд дахин илүү. Гэхдээ иргэн бидний үүрэг хариуцлага илүүтэй чухал байлаа. Та өвдвөл би өвдөнө. Би өвдвөл бид өвдөнө, ердөө л энэ. Вакциныхаа бүрэн тунд хамрагдсан гэх нэрийдлээр амны хаалтгүй  олон нийтийн газраар үйлчлүүлж, энд тэнд зугаалж, наргиж, цэнгэж, бөөгнөрснөөр халдвар өнөөдөр эцэстээ хүрч, олон хүний амиар хэмжигдэж эхэллээ. Зарим нь вакцинаа голж, шилж бүрэн тундаа хамрагдалгүй хөдөө, орон нутаг руу зорчсоноор халдвар тархах эрсдэл өнөөдөр эцэстээ хүрч байна. Харин энэ бүх цалгар, назгай байдлын горыг энхрий бяцхан үрс,  жирэмсэн эхчүүд үүрч байна. Зөвхөн өөрсдийнхөө хар амийг хичээж, бусдын өвдөхийг тоосонгүй. Дэглэмээ барьсангүй. Ердөө хөл хорионд өнгөрүүлсэн хэдхэн сарын шараа тайлахын тулд бусдын эрүүл мэндийг дэнчин тавьж, өнөөдрийн хэмжээнд хүргэлээ, хүмүүс ээ.

 

Иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сахисан бол, энд тэнд бөөгнөрөл үүсгээгүй бол, хүн хоорондын зайгаа барьсан бол, амны хаалтаа тогтмол зүүсэн бол бидний хүссэн ковидгүй зун, хагацал зовлонгүй улирал хүссэн ч, эс хүссэн ч  ирэх байлаа.

 

Та бидний хариуцлагагүйгээс болж, эрүүл мэндийн салбар, эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрч, боловсон хүчний бодлого алдагдаж эхэллээ. Хүнээ эмчилж чадахгүйд хүрч, мэргэжлийн хүмүүс өөрсдөө сөхөрч, сөгдөж байна, иргэд ээ. Хамгийн чухал цаг үед иргэн та бид эх орон ч байж чадсангүй. Үхрийн сүүлэн дээр хутга гэж, ганцхан сар тэсчихэж бас чадсангүй. Бид жаахан л тэссэн  бол халдваргүй зуны төлөө хамтдаа зүтгэж, энхрий бяцхан үрс, жирэмсэн эхчүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадах байлаа.

Хамтдаа хэвийн амьдралдаа эргэн орж, айх айдасгүй, амар амгалан амьдрах боломж ч байв. Гэтэл бид алдаагаа төр засаг руугаа чулуудчихаад, бусдаас бурууг хайж, халдварын тоондоо халаглаж сууна, өнөөдөр. Харамсалтай байлаа, монголчууд аа. Бидэнд үүнээс илүү боломж байв. Гэтэл өнөөдөр хэн ч өвдөхгүй гэх баталгаагүй болж, цар тахлын халдвар айл бүрийн хаалга тогшиж, аюул, эрсдэл хоёр тэр хэрээр нэмэгдэж байна.