Эрүүл мэндийн яамнаас коронавирусын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч байгаа ч орон нутагт эсрэгээрээ нэмэгдсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр онцоллоо.
Тухайлбал, Ховд аймаг даншиг наадам болсноос үүдэн халдвар ихэссэн бол вакцинжуулалт хамгийн бага байгаа Баян-Өлгий аймагт халдварын тохиолдол эрс ихэсчээ. Орон нутаг тэр дундаа Баян-Өлгий аймагт нийт халдварын 30 хувь нь илэрсэн учраас цаашдаа аймгууд баяр наадам тэмдэглэхээ хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг сануулсан юм.
Л.Баттөр захирал хэлэхдээ “Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй. Гэхдээ халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд ихээр өвдөж байгаа. Халдвар авсан 0-17 насны хүүхдүүдийн 50 орчим хувийг 12-17 насныхан эзэлж байсан.
Харин вакцинжуулалт хийж эхэлснээр эзлэх хувь нь 30 болж буурсан. Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10 хувьд нь мутацийг илрүүлэх шинжилгээ хийж буй. Нийт үзсэн шинжилгээний 11 хувьд дельта вирус илэрсэн" хэмээлээ.