Эрүүгийн цагдаагийн албанаас сүүлийн үед сошиал орчинд гарч буй хар тамхины наймаа болон хүнсний ногооны худалдаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, Өмнөд Африкаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн цахим шууданг шалгаж, 1.1 сая ам.доллароор үнэлэгдэх их хэмжээний “мөс” буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илрүүлсэн бөгөөд энэ хэргийг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хувийн эмнэлгийн эмч үйлдсэн гэх мэдээлэлд тайлбар өгсөн юм.
Хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн М.Зоригтбаатар энэ талаар ярихдаа “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхитай холбоотой албаны бус эх сурвалжаас авсан мэдээлэл цацагдлаа. Тиймээс прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгье. Өмнөд Африкийн улсаас Монгол Улсын иргэний нэр дээр 989.2 гр буюу их хэмжээний “ice” нэвтрүүлэхийг завдсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт оршин суудаг Э нарыг хамаатуулан шалгаж байна.
Э гэгч нь өмнө нь Хонконг улсад хар тамхи наймаалсан хэргээр 10 жилийн хорих ял эдлээд, 2020 онд суллагдаж эх орондоо ирсэн этгээд байсан. Э гэгч этгээдийг өнөөдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар нь интерпол болон гадаад улсын хууль сахиулах байгууллагатай мэдээлэл солилцон, Монгол Улсад хүлээн авах болон илгээсэн этгээдийг илрүүлэн ажиллаж байна. Энэхүү гэмт хэрэгт 20.7.3-т заасны дагуу улсын хилээр нэвтрүүлсэн бол гэдэг зүйл ангиар буюу 5-12 жилийн хорих ял онооно. Иргэд гадны улс орноос ирсэн ачаа тээш, хууль бус зүйлийг авахгүй байхыг сануулж байна. Мөн хэвлэл мэдээллийнхэн үнэн зөв мэдээлэл түгээхийг хүсэж байгаа юм” гэлээ.
Өөрөөр хэлбэл, эмч байсан гэдэг нь худлаа бөгөөд захиалагчийг цагдаагийн байгууллага илрүүлээгүй гэдэг нь худлаа гэлээ. 2021 он гарснаас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 иргэнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34, холбогдогч 21 хувиар буурсан ч хураан авсан бодисын хэмжээ хоёр дахин өсчээ.