АНУ-ын “Вашингтон пост” сонины сурвалжлагчид АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод хэрэгцээний коронавирусын дельта хувилбар ба вакцин хийлгэсэн хүмүүс өвдөж байгаа талаарх мэдээлэл бэлтгэсэн слайдыг өнгөрөгч долдугаар сарын 30-ны өдөр олон нийтэд мэдээлсэн байна.
АНУ-д Дельта хувилбар маш хурдацтай тархаж өдөрт дунджаар 130.000-140.000 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 6.3 саяд хүрч нас баралтын тоо 615.747 хүрчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувь байгаагаас АНУ-д гурав дахин их гэсэн үг. Америкчуудын хамгийн сэтгэл түгшээж байгаа асуудал нь вакцины бүрэн тунд хамрагдсан буюу хоёр тунгаа тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хүмүүс ихээр өвдөж байгаа явдал юм.
АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагын дотоод мэдээлэл алдагдсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн ба дээрх байгууллагын зүгээс энэ мэдээллийг тэдний өөрсдийн мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү мэдээлэлд дельта вирустэй холбоотой юу бичигдсэн байсныг тоймлон хүргэж байна.
Тодруулбал,
"-Дельта хувилбар нь МЕРС, САРС, Эбола, ердийн ханиад, улирлын томуу болон 1918 оны Испанийн томуу, цагаан цэцэг өвчнийг үүсгэгчээс илүү халдварлах чадвартай бөгөөд тархах чадварын хувьд салхинцэцэг өвчний үүсгэгчтэй адил.
-Дельта хувилбарын “cycle threshold” бага ( сорьц дотор олон вирус байдаг гэсэн үг) өвчилсөн тохиолдолд өвчтөний бие дэх вирусын тоо өндөр, вирус ялгаруулах хугацаа урт байгааг Энэтхэг улсад хийсэн судалгаагаар нотолсон.
-Дельта хувилбарын үед халдварын үргэлжлэх хугацаа урт байгаа бөгөөд дельта халдварын үед дундаж хоног 18 байгаа бол дельта бус халдварын үед 13 байна.
-Альфа хувилбартай харьцуулахад дельта хувилбарын үед дахин халдвар авах эрсдэл 1.46 дахин илүү байх магадлалтай.
-Бүрэн вакцинжсан хүмүүс дельта вирусээр вакцин хийлгээгүй хүнтэй адил халдварт өртөж байна.
-Үндэсний идэвхгүй тандалтын судалгаагаар вакцины дараах дельта халдварын тохиолдлыг альфа болон болон бусад эгнээний хувилбартай харьцуулахад дельта хувилбараар өвдсөн хүмүүсийн вирусын сорьцонд тоо 10 дахин их байна.
-Дельта хувилбар нь альфа болон бусад эх омгоос илүү хүнд хэлбэрийн өвчлөлийг үүсгэдэг болохыг Канад, Сингапур, Шотланд улсад хийсэн судалгаанаас харагдаж байна.
-Альфа болон дельта хувилбарын эсрэг хоёр тун Пфайзер вакцины үр нөлөөг харьцуулахад халдварын батлагдсан тохиолдол, өвчний шинж тэмдэгтэй хэлбэр, эмнэлэгт хэвтэх эсвэл нас баралтын байдлын хувьд хоёр тун Пфайзер вакцин нь альфа хувилбартай харьцуулахад дельта хувилбарын эсрэг илүү үр дүнтэй.
-Дельта хувилбар нь бусад омгуудаас тархах чадвар, өвчлөлийн хэлбэр, халдвар дамжуулах чадварын хувьд ялгаатай.
-Тархах чадвар маш өндөр, хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, вакцинд хамрагдсан хүмүүс ч вакцинд хамрагдаагүй хүмүүсийн адил халдвар авах эрсдэлтэй байна.
-Вакцин хүнд хэлбэрийн өвчлөлөөс 90 болон түүнээс дээш хувиар хамгаалдаг боловч халдвараас сэргийлэх эсвэл халдвар дамжихаас сэргийлэх үр дүн багатай байж болох тул вакцинд хамрагдсан ч халдвар авах болон хүн амын дунд халдвар илүү тархсаар байх болно.
-Вакцинжуулалтын хамралтаас хамаарахгүйгээр халдварын тархалтаас сэргийлэхэд эмийн бус арга хэмжээнүүд буюу маск зүүх, зай барих зэрэг нь чухал юм” хэмээжээ.