Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан наймдугаар сар хүртэл хойшлоод байсан ЭЕШ өнөөдөр улс орон даяар эхэлж байна. Улсын хэмжээнд 40420 шалгуулагч оролцох бөгөөд хамгийн ахмад нь 58 настай иргэн байгаа аж. Өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэл гэсэн хоёр хичээлээр сурагчид шалгалт өгөх нь ээ.
ЭЕШ болох наймдугаар сарын 19-22-ний өдрүүдэд “Ковид-19” халдвар авсан байгаа шалгуулагчдаас ирэх есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд шалгалт авна гэсэн салбар яамны шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд гэртээ болон эмнэлэгт тусгаарлалтад байгаа сурагчдын шалгалтыг хойшлуулахаар болжээ.
Мөн ЭЕШ-ын үед нэг ангид 12-15 шалгуулагч байх бөгөөд шалгалтын байр бүрд сэжигтэй шалгуулагчдаас шалгалт авах тусгаарлах өрөөг бэлтгээд байгаа аж. Сэжигтэй шалгуулагч гэдэг нь тухайн өдөр 37-оос дээш хэмийн халуунтай байгаа сурагчдыг хэлнэ хэмээлээ.
Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид 19-22-ны өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчихоор зохицуулалт хийснийг мөн дуулгалаа.